Монгол Улс, БНСУ-ын хооронд "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" (EPA) байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын ГХЯ, БНСУ-ын Эрчим хүч, үйлдвэр, худалдааны яам хамтран “Монгол Улс, БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)” байгуулах талаар Хамтарсан судалгааг хийгээд байна. Уг судалгаа дээр үндэслэн Өмнөд Солонгос улсын талтай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээг Монгол Улс хийх тохиолдолд анхаарах зүйлийн талаар ГХЯ болон бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ бизнес эрхлэгчдээс санал асуулга авч эхэллээ.
Дэлхийд тэргүүлэх технологи үйлдвэрлэлтэй, дэлхийн худалдаа, эдийн засгийн томоохон тоглогчдын нэг, гадаадын хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр болох БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх арга замын нэг нь хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (цаашид ЭЗТХ) байгуулах явдал юм гэж Монгол Улсын талаас үзэж байна. Манай улс БНСУ-тай улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг бүхий л салбарт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн.
Монгол Улсын хувьд БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай, түүхий эдийн үнийн савлагаанд өртөмтгий эмзэг эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.