Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл амжилттай хэрэгжсэн гэж үзсэн байна.
Тодруулбал, Сангийн яамнаас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг мөн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Дээрх төлөвлөгөөний хүрээнд нийт 56 ажил хэрэгжүүлэхээс эдийн засагт хамгийн ихээр эергээр нөлөөлж буй нь ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл, репо санхүүжилт, ипотекийн зээл юм. Ажлын байрыг дэмжих зээлийг энэ оныг дуустал олгох байсан ч зээл олголтын хурд, аж ахуйн нэгжүүдийн эрэлтийн үр дүнд хэрэгжиж дууссан хэмээн үзэж буйг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хурлын дараа олон нийтэд танилцуулав.
Ажлын байрыг дэмжих зээлийг нийт 24 мянган иргэн, аж ахуйн нэгжид зөвхөн НӨАТ төлөгч байна гэсэн ерөнхий шаардлагатайгаар олгосон бөгөөд үүний дүнд 125 мянган ажлын байрыг хамгаалж чадсан байна. Хэдийгээр хүүгийн зөрүүнд нийт 56 тэрбум төгрөг зарцуулсан ч НӨАТ-ын орлого төлөвлөснөөс 160 тэрбум төгрөгөөр давсан байна. Үүний дүнд төвсийн орлого 105 хувиар биелжээ.
Сангийн сайд Б.Жавхлан, “Цаашид 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 3 хувийн хүүтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэгч, иргэдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр олгох болсон. Ойрын хугацаанд төв банктай хамтарч эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх бодлогоо үргэлжлүүлнэ” гэлээ.