Financial Times: “Rio Tinto” Монгол Улсад тодорхой саналууд тавьжээ

оруулсан Алсын Хараа

/Financial Times/. Англи-Австралийн “Rio Tinto” компани хамгийн ач холбогдол бүхий төсөлдөө тооцогдож буй Говь цөл дэх зэсийн уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахыг эрмэлзэж байна. Үүнтэй холбогдуулан тус компани Монгол Улсын Засгийн газарт буулт хийхэд бэлэн болжээ.

Тодруулбал, Оюу толгойн далд уурхайн 6.75 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтаас ашиг хүртэх явцаа түргэтгэхийн тулд “Rio Tinto” бүтээн байгуулалтын зардлаа санхүүжүүлэхэд нь зориулан Улаанбаатарт олгох зээлийн хүүгээ бууруулах хүсэлтэй байна.

“Rio Tinto”-гийн хувьд зохицуулалт, төсвийн олон асуудлыг шийдвэрлэж, урт хугацааны эрчим хүчний гэрээ байгуулахыг хүсэж байгаа бөгөөд ингэснээр агуйлах ажлаа эхлүүлж, 2022 оны 10 дугаар сард эхлүүлэхээр товлоод буй олборлолтын зорилтдоо хүрнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнгөрсөн долоо хоногт “Rio Tinto”-гийн Зэсийн группийн тэргүүн Б.Болд, тус компанийн охин компани болох “Turquoise Hill Resources”-ийн тэргүүн Стив Тибо нарын илгээсэн захидалд холбогдох саналуудыг дэлгэрэнгүй бичжээ.

Энэ сарын эхээр танилцуулсан хөндлөнгийн дүгнэлт төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэнтэй холбогдуулан өгсөн “Rio Tinto”-гийн тайлбараас зөрснөөс хойш компани, Засгийн газрын харилцаа муудаад буй юм. Далд уурхайн эхний олборлолтыг анх 2020 оны эцсээр хийхээр товлоод байсан билээ.

Нийт 157 хуудас бүхий тайланд дурдсанаар, уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсонд “Rio Tinto”-гийн мэдэгдсэнчлэн газрын хүнд нөхцөл бус төслийн менежментийн асуудлууд голчлон нөлөөлжээ. Тухайлбал, геотехникийн асуудлуудаас үүдэн зардал 12-90 сая ам.доллароор хэтэрсэн байна.

Мөн Их Британи, АНУ-ын санхүүгийн холбогдох байгууллагууд далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилсон талаарх “Rio Tinto”-гийн мэдэгдлүүдийг нарийвчлан судалж байна. Оюу толгой нь Монголын гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд өндөр цалин бүхий олон мянган ажлын байрыг бий болгож буй юм.

Энэхүү далд уурхайн бүтээн байгуулалт бүрэн дууссанаар Оюу толгой дэлхийн зэсийн хамгийн том уурхайнуудын нэг болж, жилд ойролцоогоор 500 мянган тонн металл олборлох төлөвтэй байна.

Гэвч төслийн үндэс суурь болсон санхүүгийн гэрээнүүд болон татварын талаар Улаанбаатартай маргаан, санал зөрөлдөөн үүсээд байна.

“Rio Tinto” нь төслийг хэрэгжүүлж буй хамтарсан компани болох “Оюу толгой” ХХК-ийг хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүжүүлж буй юм. Тийнхүү тэдгээр зээлийн төлбөр, хүү төлөгдөж дуусах үеэс эхлэн Засгийн газар ногдол ашгаа хүртэж эхлэх юм.

Улаанбаатар нь “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг бол үлдсэн хувийг “Turquoise Hill” компани эзэмшдэг. Харин тус компанийн 50.1 хувийг “Rio Tinto” эзэмшдэг билээ.

Зарим төлөөлөгчийн хувьд зээлийн хүү болох Либор +6.5 хувийг бууруулахгүй бол уурхайгаас ямар ч төлбөр авахгүй гэж үзэж байгаа юм. Зургаадугаар сарын эцсийн байдлаар хувь эзэмшигчдийн зээлийн төлбөр 7.9 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүнд хуримтлагдсан хүү болох 1.9 тэрбум ам.доллар багтжээ.

Б.Болд, С.Тибо нар захидалдаа ирэх гурван жилд Монгол Улсад 350 сая ам.долларын нэмэлт орлого бүрдүүлэхийн тулд Засгийн газартай хамтран ажиллах санал тавьжээ. Энэ нь Оюу толгойн ил уурхайн баялаг ашигласны татвар болон бусад татвараас тусдаа ажээ.

“Rio Tinto”-гийн мэдээлснээр, энэхүү хөрөнгө мөнгийг Монгол Улсыг коронавирусний цар тахлын нөлөөнөөс сэргэхэд хувь нэмрээ оруулах нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулах боломжтой байна.

Мөн Засгийн газрын зээлийн хүүг бууруулахаас гадна Оюу толгойн эзэмшлийн бүтцийг “үндсээр нь дахин өөрчлөх” талаар хэлэлцэхээр бэлтгэж буйг Б.Болд, С.Тибо нар мэдээлжээ.

“Бид агуйлах ажлыг эхлүүлэхэд “шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх боломжит арга замыг тодорхойлохын” тулд Монголын Засгийн газар болон “Turquoise Hill” компанитай “үр өгөөжтэй хэлэлцээг” үргэлжлүүлэн хийхийг хүсэж байна” гэж “Rio Tinto”-гийн мэдэгдэлд тэмдэглэжээ.

Монголын Засгийн газрын хувьд энэ талаар тодруулга өгөхөөс татгалзсан боловч уг мэдээлэлд ойр эх сурвалжуудын мэдээлснээр, Засгийн газар шийдлийг олоход гол анхаарлаа хандуулж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих