Энэ сарын 29-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт том оврын авто машины ачаа нурсан хэрэг гарчээ.
Үүнээс болж арьс ширний үйлдвэрт ашиглаж байсан химийн бодис асгарсан байна. Том оврын тээврийн хэрэгслийн ачаа нурсан дуудлагын дагуу сумын Онцгой байдлын хэлтэс, МХГ-ын алба хаагчид газар дээр нь ажиллаж байгаа аж.
Албаныхан химийн бодисыг усаар саармагжуулах ажил хийж байгаа бөгөөд тус химийн бодис нь байгаль орчин болон хүн амьтны эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй хэмээн мэдээлжээ. Мөн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Том оврын тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилийн боомтоос Монгол Улсын Замын-Үүдийн гаалийн хяналтын бүс рүү явж байжээ.