ОХУ-д очиж суралцах боломж нээгдлээ

оруулсан Алсын Хараа

ОХУ-ын ШУДБЯ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу гадаад оюутан хүлээн авах журмыг боловсруулж дууссан тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мэдээлжээ.

Гадаад оюутнууд ОХУ тухайн оронтой агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамааран ОХУ-д суралцахаар ирэх боломжтой болсон байна.

Вакцинжуулалтын хувьд гадаад оюутнуудад Оросын оюутантай ижил дүрэм үйлчлэх аж. Эрүүл мэндийн албан журмын даатгалтай гадаадын иргэд бүртгэгдсэн вакцинуудаас алийг нь ч хийлгэж болох бол бусад нь «Спутник лайт» вакцинд хамрагдах боломжтой юм байна.

Есдүгээр сараас ОХУ-ын 710 их, дээд сургууль сургалтаа энгийн горимоор эхлүүлж, нийт 4.22 сая оюутан суралцагч хичээлд хамрагдах аж. Ихэнх сургалтын байгууллагууд танхимаар сургалтаа зохион байгуулах ч шаардлагатай тохиолдолд зайн сургалт руу шилжих бэлтгэл хангажээ.

Оюутнууд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран лаборатори, семинар, лекцэд хамрагдах, биеийн тамирын заал, усан бассейнд орох, дотуур байранд байрлах эрхтэй хэмээн салбарын сайд нь мэдээлснийг Монгол Улсын БШУЯ-ны цахим хуудаснаа мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих