Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын ахалсан ажлын баг Хэнтий аймагт хэрэгжиж буй хатуу хучилттай авто замын төслийн явцтай танилцлаа. Үүний нэг нь Чингис хот-Дадал чиглэлийн авто замын Бэрх хот хүртэлх 70 км авто зам юм. Замын эхний 20 км-ийг “Наранбулаг Хан”, “Анандын зам” ХХК-иудын түншлэл 2019 онд ашиглалтад оруулсан бөгөөд үргэлжлэл 50 км хатуу хучилттай авто замын ажил үргэлжилж байна.
Замын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Наранбулаг Хан” ХХК нийт ажлын 90 хувийг гүйцэтгэсэн, далангийн ажил дууссан, 30 км замд суурь хучилтыг /асфальт/, эхний 9 км-т хоёрдугаар үеийн /асфальт/ хучилтыг хийгээд байгаа аж. Ажил нь гэрээт хугацааны дагуу чанартай, урагштай явж буйг Л.Халтар сайд сайшаасан юм. Тус компанийнхан энэ оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл замынхаа суурь /асфальт/ хучилтыг бүрэн, эхний 25 км замын хоёрдугаар асфальтан хучилтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд ирэх оны 7 дугаар сар гэхэд Бэрх хот хүртэлх авто замыг ашиглалтад бүрэн хүлээлгэж өгнө гэж байлаа. Харин шинэ авто зам ашиглалтад ороход ачааны даац хэтрүүлсэн хүнд даацын авто машиныг өөр замаар зорчуулах зохицуулалт хийхийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар орон нутгийн удирдлагууд болон зам засвар арчлалтын “Харгуй” ТӨХК, Авто тээврийн хөгжлийн төвийнхөнд чиглэл болголоо. Уг авто зам нь долоон метрийн өргөнтэй, цементээр бэхжүүлсэн суурь, хөлдөлтөөс хамгаалсан үе, хоёр үеийн асфальт бетон хучилттай аж.
Мөн тус аймагт хийгдэж байгаа авто замын өөр нэг бүтээн байгуулалт нь Бор-Өндөр сумаас Дорноговь аймгийн Даланжаргалан сум хүртэлх 50 км урттай хатуу хучилттай авто замын ажил юм. Гүйцэтгэгчээр нь ажиллаж буй “Билэгт зам” ХХК-ийн хувьд гэрээт хугацаандаа замыг ашиглалтад оруулах бүрэн боломжтой гэдгээ танилцуулж байв. Хамгийн гол нь шаардагдах төсвөөс дутуу байгаа 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн юм. Салбарын сайд замын өнгөн хучилт, замын тэмдэг, тэмдэглэгээ чанарын бусад стандартуудад онцгой анхаарахыг сануулаад ирэх оны төсөвт үлдэгдэл санхүүжилтийг тусгуулахыг ЗТХЯ-наас дэмжиж буйгаа хэллээ. Ер нь Хэнтий аймагт одоо хийгдэж байгаа болон цаашид эхлүүлэх авто замын бүтээн байгуулалтуудыг салбарын яамнаас бүрэн дэмжиж ажиллахаа Л.Халтар сайд илэрхийлж байсан юм.