ЭМЯ: Коронавирусын эсрэг вакцины III дахь тунг эхлүүлэх сайдын тушаал гарчээ

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийх талаар мэдээлэл хийж байна.

Коронавирусын “Дельта” хувилбар өнгөрсөн хугацаанд нийт өвчлөлийн 10 хувийг эзэлж байсан бол сүүлийн үед 30 хувийг эзлэх болсон. Орон нутагт “Дельта” хувилбар тархан Баян-Өлгий аймгийн нийт өвчлөлийн 80 хувь, Ховд аймагт 55 хувьд илэрч, тархалт эрчимжсэн.

Хоёр тунгийн вакцин хийлгэсэн ч дельта вирусын халдвар авахад биеийн байдал хүндрэх магадлалтай байгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааруулж байгаа аж.

Коронавирусын эсрэг вакцины хоёр дахь тун төдийгүй гурав дахь тунг хийлгэсэн ч халдвар авах магадлалтай. Тухайн хүний дархлааны түвшингээс шалтгаална. Гурав дахь тунг хийх зорилго нь халдвараас хамгаалах дархлааны түвшинг нь өсгөж байна гэсэн үг. Ялангуяа эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг нэн түрүүнд хамруулснаар хариу арга хэмжээндээ дэмжлэг үзүүлж байгаа юм.

Вакцин хийлгэснээс хойш 6 сарын дараа вакцины хамгаалах түвшин буурч байгаа гэсэн олон улсын судалгаа байна. Тиймээс хамгаалах чадвар алсдаа буурах нь тодорхой. Зургаа дахь сарын вакцины сорьцыг одоо цуглуулж байгаа ба хариу нь гарах хараахан болоогүй байна. Хоёр тунгаа хийлгэсэн ч халдвар авсан бол гурав дахь тунг хийлгэх шаардлагагүй.

Дельта хувилбарын дараагийн давлагаа эхэлж байгаа гэж үзсэн учир вакцины гурав дахь тунг хийхээр болж байна.

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: Халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой, цагдаагийн албан хаагчдыг 2021 оны хоёрдугаар сараас вакцинд хамруулж эхэлсэн. Тэдгээр ажилтнуудад гурав дахь буюу сэдээх тунг хийх тушаал гарсан гэдгийг мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих