Германы галт тэрэгний жолооч нар төмөр замын “Deutsche Bahn” компанитай үүссэн цалингийн маргааны улмаас гурван өдөр ажил хаяхаар боллоо гэж тус улсын Галт тэрэгний жолооч нарын холбооноос (GDL) мягмар гарагт мэдэгджээ.
Энэхүү мэдэгдэлд, “Ачааны галт тэрэгний жолооч нар мягмар гаргийн оройноос, зорчигчийн галт тэрэгний жолооч нар лхагва гаргийн өглөөнөөс эхлэн ажил хаяна. Ажил хаялт баасан гаргийн шөнийн хоёр цаг хүртэл үргэлжилнэ” хэмээн дурдсан байна.
“Deutsche Bahn” компанитай хийсэн хэлэлцээгээр тохиролцоонд хүрч чадаагүй учир холбооны гишүүдийн 95 хувь нь ажил хаяхыг дэмжсэн гэж Галт тэрэгний жолооч нарын холбооны тэргүүн Клаус Везельский Франкфурт хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Тэрээр мөн “Deutsche Bahn” компанийн удирдлагыг хэлэлцээний талаар олон нийтийг төөрөгдүүлсэн хэмээн буруутгажээ.
Нийт 37 мянга гаруй гишүүнтэй тус холбооны зүгээс коронавирусний цар тахал дэгдээд байгаатай холбоотойгоор галт тэрэгний жолооч нарын цалинг 3.2 хувиар нэмэгдүүлэх, мөн нэг удаа 600 евро буюу 703 ам.долларын урамшуулал олгохыг шаардаж байгаа ажээ.