АНУ-ын нефтийн импорт, экспортын аль аль нь өнгөрсөн долоо хоногт буурлаа гэж тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг /EIA/ лхагва гарагт мэдээлжээ.
Тодруулбал, АНУ-ын нефтийн импортын хэмжээ өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 6.4 сая торход хүрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 75 мянга орчим торхоор буурсан үзүүлэлт болсон бол экспорт өдөрт дунджаар 1.9 сая торх болсон нь 585 мянга торхоор буурсан гэж долоо хоног тутмын тайланд дурджээ.
Харин сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд нефтийн импортын хэмжээ өдөрт дунджаар 6.6 сая орчим торход хүрснийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 898 мянга орчим торхоор өсжээ. Үүнээс гадна нефтийн экспорт 2.7 сая торход хүрсэн нь 172 мянган торхоор буурсан байна.
АНУ нь сүүлийн жилүүдэд шатдаг занарын олборлолтоо нэмэгдүүлснээр нефть олборлогч томоохон орнуудын нэг болоод байгаа юм. Харин БНХАУ нь нефтийн хамгийн том импортлогчын нэг болоод байна.
Хятадын Үндэсний статистикийн товчооноос хамгийн сүүлд гаргасан мэдээллээр, Хятад улс зургаадугаар сард 40.14 сая тонн нефть импортолсон нь өмнөх оныхоос 24.5 хувиар буурчээ.