ОХУ-ын Батлан хамгаалах яам Якатуд дэгдсэн ойн түймрийг унтраахаар инженерингийн компани болон тусгай тээврийн хэрэгслүүдийг илгээжээ.
“Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугийн шийдвэрээр Бүгд Найрамдах Саха Улсад /Якут/ дэгдсэн ойн түймрийг унтраахаар 109 ажилтан бүхий инженерингийн компанийг 16 тээврийн хэрэгслийн хамтаар илгээсэн” гэж тус яам мэдэгджээ.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Батлан хамгаалах яам ойн түймэртэй тэмцэж буй Якутад идэвхтэй тусламж үзүүлж байгаа юм. Тодруулбал, 5 тонн, 42 тонны багтаамж бүхий ус шүрших төхөөрөмжөөр тоноглосон “Ми-8” нисдэг тэрэгнүүд, “Ил-76” ачааны онгоцнуудыг илгээсэн байна.
“Якутад ойн түймрийн аюултай улирал эхэлснээс хойш түймэр 4 420 000 га талбайг хамраад байна. Тодруулбал, энэ улиралд 1326 түймэр дэгдээд байна. Өнгөрсөн оны хувьд 1598 түймэр дэгдсэн. Хэдийгээр түймрийн тоо бага байгаа боловч хамрах хүрээ нь өргөн байна” гэж тус бүс нутгийн Экологийн яамны ойн асуудал хариуцсан газрын дарга Андрей Михайлов мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, одоогийн байдлаар асаж байгаа 171 түймэр нь хоёр сая гаруй га талбайг хамарч байгаа бөгөөд тэдгээрээс 17 дүүрэг дэх 58 түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11300 га талбайг хамарсан найман ойн түймрийг бүрэн унтраажээ.
Якут нь Оросын ойн түймэр дэгдэх хамгийн өндөр эрсдэлтэй бүс нутгуудын нэг юм. Тус бүс нутагт долоодугаар сарын 1-нээс хойш онцгой байдал тогтоогоод байгаа бөгөөд хүмүүсийг ой модонд очихыг хориглоод байгаа ажээ.