Тяньжины боомтод Монгол руу илгээх 4260 чингэлэг бөөгнөрч, ачилт хийх хугацаагаа хүлээж байна

оруулсан Алсын Хараа

БНХАУ-ын Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос өнөөдөр /2021.8.3/ мэдэгдлээ. Тодруулбал, Тяньжин боомтод одоогийн байдлаар Монгол Улс руу илгээх 4260 чингэлэг байгаа аж. Энэ нь тавдугаар сараас хойш хүлээлгэд байсан чингэлэг юм. Харин 6, 7 дугаар сард тус боомтод ирсэн чингэлгүүд бөөгнөрч, ачигдах болоогүй байгааг албаны хүмүүс мэдээлсэн.

Замын-Үүдийн хилийн боомтоор дунджаар өдөрт импортын 1-2 чингэлгийг галт тэрэг хүлээн авч байгаа бөгөөд наймдугаар сарын 1-2-ны өдөр Тяньжин боомтоос Монгол Улсын импортын галт тэрэг хөдлөөгүй байна. Харин Эрээн талд өдөрт 110 машин хүлээлгэн өгсөн ба 130 машиныг хүлээн авсан байна.

Өнгөрсөн хугацаанд Тяньжин боомт дээр чингэлэг ихээр бөөгнөрч дунджаар 45-90 хоног саатах болсон тул Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос Гадаад харилцааны яам, Зам тээвэр хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам зэрэг төрийн байгууллагуудтай хамтран гарц шийдлүүдийг хэлэлцэж байгаа аж. Одоогоор Хятадын холбогдох байгууллагуудын шийдвэрийг хүлээж байгаа бөгөөд ямар нэгэн хариу ирээгүй байгаа юм байна.

COSCO далайн тээвэрлэгч компанийн төв оффисоос гаргасан шийдвэрийн дагуу Тайланд, Вьетнам, Малайз, Тайвань дахь агентуудаас тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа зуучийн компаниудад мэдэгдээд буй аж.

Сэтгэгдэл бичих