Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 220 ортой, дүүргийн шинэ эмнэлгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Дүүргийн Засаг дарга Х.Болормаа, “Манай дүүрэгт эрүүл мэндийн үзлэг оношлогоонд жилд 260 мянга гаруй хүн хамрагдаж, 16 мянга орчим эх төрж, түргэн тусламжаар 112 мянга гаруй иргэн үйлчлүүлж байна. Энэ нь зөвхөн манай дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний ачаалал 44 хувиар илүү гэсэн үг.
Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн ор хоног, орны эргэлтийг тооцож үзэхэд жилд дунджаар 42 мянган иргэн үйлчлүүлэхээр байгаа юм. Иймд манай дүүргийн хувьд өнөөдрийн бодит тооцоогоор 1067 орны хэрэгцээ нэн шаардлагатай байгаа. Энэ тоо цаашид өснө” гэв.
Дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй уг эмнэлэг нь 5 давхар, туслах барилгатай, ногоон байгууламж, амрах талбай, автомашины зогсоолыг иж бүрэн шийджээ. Эмнэлгийг дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох аж.
Барилгын зураг төслийг “Дукат” ХХК гүйцэтгэж, ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж байна. Барилгын ажлыг 2 үе шаттайгаар гүйцэтгэж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.