БНСУ, АНУ-ын цэргийн сургуулилалт Солонгос хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлнө

оруулсан Алсын Хараа

БНСУ, АНУ-ын хамтарсан жил тутмын зуны цэргийн сургуулилалт Солонгос хоорондын цаашдын харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны охин дүү Ким Ё Жон ням гарагт анхааруулжээ.

БНАСАУ БНСУ-тай холбоо тогтоох харилцаа холбооны шугамаа удаан хугацааны дараа сэргээсэн нь талуудын хоорондын хурцадмал байдлыг намжаах найдлага төрүүлснээс хэдхэн хоногийн дараа Ким Ё Жон Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаар /KCNA/ дамжуулан ийнхүү мэдэгджээ.

“Өнөөгийн энэ чухал цаг үед цэргийн сургуулилалт хийвэл Солонгос хоорондын харилцааг урагшлуулж, итгэлцлийг сэргээхийг зорьж буй БНАСАУ, БНСУ-ын удирдагчдын хүсэл зоригийг ноцтой сүйтгэсэн таагүй үйлдэл болох нь гарцаагүй юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн, “Манай Засгийн газар, Зэвсэгт хүчин БНСУ-ыг дайсагнасан дайны сургуулилалтаа дахин явуулах уу, зоримог шийдвэр гаргах уу гэдгийг нягт ажиглах болно. Найдвар, цөхрөлийн алийг нь сонгох нь биднээс хамаарахгүй” гэж нэмж хэлжээ.

БНСУ, АНУ-ын жил бүрийн зун хийдэг ээлжит цэргийн сургуулилалт наймдугаар сард болох төлөвтэй байгаа ч Сөүлийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, холбоотнууд сургуулиа хэзээ, хэрхэн явуулах талаар зөвлөлдөж байгаа ажээ.

 

Сэтгэгдэл бичих