МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ЗАМЫН-ҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Дорноговь аймгийн Замын-Үүд суманд цаг үеийн асуудлаар ажиллаж байна.
“Замын-Үүд” хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлжээ.
Тухайлбал, долдугаар сарын 1-ний байдлаар Замын-Үүд чөлөөт бүсийн гадна, дотор талд 2600 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг бууруулж, өдгөө чөлөөт бүсийн дотор 237, чөлөөт бүсийн хашаанд 1250 тээврийн хэрэгсэл байгаа аж.


Эрээний хил дээр хүлээгдэж буй ачаа тээврийн хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хөх хот, Эрээний төмөр замын байгууллагатай Монгол Улсын Засгийн газар, УБТЗ удаа дараагийн хэлэлцээр хийсний үр дүнд өргөн царигийн 3 дахь замыг өнөөдрөөс нээж эхэлсэн бөгөөд ингэснээр өдөрт нэвтрүүлж буй 50 вагон ачааг 2 дахин нэмэгдүүлэх боломж бүрдлээ.
Ийн өдөрт тогтмол 100-120 автомашин, 100 вагон ачаа тээврийг нэвтрүүлдэг болсноор Эрээний хил дээр гацаад буй бараа бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд багтааж татан авах тооцоолол байна.
Замын-Үүдийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх, мөн үнийн хөөрөгдлийг цэгцлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд Шадар сайд даалгалаа. “Хэдхэн компанид давуу эрх олгож, дур зоргоороо үнэ тогтоодог жолооч нарыг хараад суугаад байлгүй шаардлагатай тохиолдолд төр оролцож, жолооч болон тээврийн хэрэгслүүд гаргаж ачаа тээврээ татан авах болно” хэмээн онцолсон юм.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Сэтгэгдэл бичих