Шинжилгээгээр 1294 хүний хариу эерэг гарсны 70 хувь нь орон нутагт бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагт коронавирусний шинжилгээг 7014 хүнээс авсан сорьцод хийхэд 1294-ийнх нь хариу эерэг гарчээ.

Шинээр батлагдсан тохиолдлын 398 буюу 30 хувь нь Улаанбаатарт, 896 буюу 70 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн халдвар авсан 2126 хүн эдгэрсэн бол 7 хүн нас барлаа. Манай улсад коронавирусний халдвар авсан нийт тохиолдол 162 869 болж, 809 хүн нас бараад байна.

"Хөдөө орон нутагт нөхцөл байдал хүндэрч байгаа тул наймдугаар сарыг хариуцлагатай өнгөрүүлэх шаардлагатай байна.

Хүн амынхаа 75 хувийг вакцинд хамруулж чадвал үр дүн гарч, сүргийн дархлаа үүснэ. Ингэснээр вакцинд хамрагдаагүй хүүхэд, жирэмсэн эхчүүдээ хамгаалах нөхцөл үүснэ" гэж ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Түүнчлэн 12-17 насны хүүхэд, жирэмсэн ээжүүдийн халдварын тохиолдол буурсан нь вакцинд хамрагдсантай холбоотой гэж үзэж байна. Эдгээр насны хүүхдийн вакцинжуулалт 60 орчим хувьтай байгаа бол жирэмсэн ээжүүдийн гуравны нэг буюу тав орчим мянган эх коронавиурсний эсрэг вакцин тариулсан нь хангалтгүй үзүүлэлт аж.

Аймгуудад халдварын тохиолдол нэмэгдсэнээр өдөрт бүртгэгдэж буй нас баралтын 2-3 нь орон нутагт бүртгэгдэж байна. Мөн коронавируст халдварын шалтгаанаар нас барж буй хүмүүсийн 80 гаруй хувь нь вакцин хийлгээгүйг хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Сэтгэгдэл бичих