Израил, Япон Саран дээр шинжлэх ухааны судалгаа хийх хэлэлцээрт гарын үсэг зурлаа гэж Израилын Шинжлэх ухаан, технологийн яам мягмар гарагт мэдээлжээ.
Израилын эргийн Тель-Авив хот дахь Японы Элчин сайдын яамны байранд гарын үсэг зурсан хэлэлцээрт сансрын судалгаан дахь хоёр орны технологийн хамтын ажиллагааны талаар мөн дурдсан байна.
Энэхүү төлөвлөгөөний дагуу Израилын “Helios” гарааны компани Шинжлэх ухаан, технологийн яамны харьяа Сансар судлалын агентлагийн дэмжлэгтэйгээр Японы “ispace” компанийн төлөвлөж буй даалгавар дээр хамтран ажиллах ажээ.
“Helios” компани Сарны хөрснөөс хүчилтөрөгч, металл гарган авах түүхэн дэх анхны туршилтыг хийхээр төлөвлөж байгааг Шинжлэх ухаан, технологийн яам мэдээлжээ. Шинэ технологи нь дэлхийгээс хүчилтөрөгч тээвэрлэх үлэмж хэмжээний зардлыг шийдвэрлэх ба Сарны хөрс нь 45 хүртэлх хувийн хүчилтөрөгчөөс бүрддэг байна.
Энэхүү судалгааг 2023 оны сүүлээр хийхээр товлоод буй бөгөөд АНУ-ын “SpaceX” компанид бүтээсэн “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөх ажээ.