Японд эсрэг биетийн коктейль хэрэглэхийг зөвшөөрчээ

оруулсан Алсын Хараа

Японы Эрүүл мэндийн яам эсрэг биетийн коктейлийг “COVID-19”-ийн эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрчээ. Тус улс нь хөнгөн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдэд уулгах анхны эмэндээ зөвшөөрөл олгож буй нь энэ юм.

“Chugai Pharmaceutical” компани эсрэг биетийн коктейльд зөвшөөрөл авах хүсэлтээ зургаадугаар сарын сүүлээр гаргажээ. Энэхүү эмчилгээ нь вирусийг саармагжуулагч эсрэг биетүүд болох “казиривимаб”, “имдевимаб”-ын нэгдэл ажээ.

Уг коктейлийг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар өнгөрсөн оны 11 дүгээр сард олгожээ. Тухайн үед Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Дональд Трамп “COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэх үедээ ийм коктейль хэрэглэж байжээ.

“Chugai Pharmaceutical” компанийн мэдээлснээр, хилийн чанадад явуулсан эмнэлзүйн туршилтаар эсрэг биетийн коктейль эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг 70 орчим хувиар бууруулж буйг тогтоосон байна.

Ийнхүү эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн уулзалтаар уг эмийн үр дүн, аюулгүй байдлын талаар сайшаан хэлэлцсэний дараа Эрүүл мэндийн яам даваа гарагт зөвшөөрөл олгожээ.

Энэхүү коктейль нь Японд коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн дөрөв дэх эмчилгээ болж байна. Тодруулбал, өмнө нь вирусний эсрэг “ремдезивир”, стероид бэлдмэл болох “дексаметазон”, үрэвслийн эсрэг “барикитиниб” эмэнд зөвшөөрөл олгосон юм.

Эсрэг биетийн коктейлийг хөнгөн шинж тэмдэг илэрсэн өндөр настай өвчтөнүүд, архаг хууч өвчтэй хүмүүст уулгана. Түүнчлэн нөөц нь хязгаарлагдмал байгаа тул одоогоор зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд хэрэглэх боломжтой байна.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, эрт үеийн эмчилгээ нь шинж тэмдэг хүндрэхээс урьдчилан сэргийлэхэд үр нөлөөгөө үзүүлэх төлөвтэй байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих