"Хоцрогдол их үүссэн тул танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр бэлтгэж байна"

оруулсан Алсын Хараа

Боловсрол, шинжлэх ухааны яам болон аймаг, орон нутгийн удирдлагууд 2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимаар эхлүүлэх бэлтгэл хангаж буйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Тэрбээр "Боловсролын тухай хуульд сургуулийн намрын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг. Бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэвч КОВИД-19-ийн нөхцөл байдал хэрхэхийг хэлэхэд хэцүү байна.

Одоогоор

  • 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь,
  • ерөнхий боловсролын сургуулийн 40,000 гаруй багшийн 80 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг аваад байна.

Иймд бид хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хичээн ажиллаж байна. Гэхдээ Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргана.

Хэрэв энэ оны есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлж чадахгүй бол манай улс хоёр жилийн турш хичээлээ хаасан цөөхөн хэдэн орны тоонд орно. Хоцрогдол их үүссэн тул танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна" гэв.

Эргэн сануулахад, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өөрийн эрхийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилийн бүтцийг өөрчилснөөр

  • 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг 2021.05.08-наас
  • 4-12 дугаар ангийн сурагчдын амралтыг 2021.05.15-наас эхлүүлэх шийдвэрийг гаргаж байв. Өнгөрсөн хичээлийн жилд сурагчдын хугацаанаа нь өмнө амрааснаар 2021-2022 оны хичээлийн жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлэхээр тооцсон юм.

Гэвч цар тахлын нөхцөл байдал хүндэрснээр дээрх тооцоолол өөрчлөгдөж, энэ оны есдүгээр сарын 1-нд сурагчдын хичээл эхлэх эсэх нь ч тодорхойгүй болоод байна.

Сэтгэгдэл бичих