Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн сүүлийн 15 дахь өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй түрүү бөхийн төлөө барилдаж, түүнийг котенаге мэхээр давж, 45 дахь түрүүгээ хүртлээ.
Ийнхүү 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Макүүчи буюу Дээд зиндаанд 45 түрүү авсан хосгүй амжилтын эзэн болсон төдийгүй Японы Эзэн хааны цомыг 45 дахь удаагаа хүртэж байна. Тэрбээр Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат аавдаа зориулж энэ башёд түрүүлнэ гэсэн амлалтаа ийнхүү нэг ч уналгүй 15 даваатай бахархалтайгаар биелүүлж чадлаа.
Их аваргын дараагийн зорилт юу бол гэсэн сурвалжлагчийн асуултад, Тэрбээр, “Их аварга болоод 899 даваа аваад байна. Тэгэхээр дараагийн зорилт маань 900 дахь даваагаа авах” гэж хариулсан юм.
Энэхүү Нагоя башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар хоёулаа 14 даваатай түрүү бөхийн төлөө барилдаж байгаа нь сумо бөхийн түүхэнд 6 дахь тохиолдол болж байна.
Одоогоос 9 жилийн өмнө нэг ч уналгүй 14 давсан 69 дэх Их аварга Хакүхо, 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж нар түрүү бөхийн төлөө барилдан Харумафүжи давж, түрүүлж байжээ.
Нагоя башёгийн 14 дэх өдөр Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Шиманоүми /М-9/-тэй учраа тааран барилдаж, түүнийг ёритаоши мэхээр давж 9 даваа, 6 унаатай башёг дуусгалаа.
Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Хокүтофүжи/М-3/-тэй учраа тааран барилдаж түүнийг хатакиноми мэхээр хаяж анх удаа Макүүчид 10 даваа, 5 унаатай, Гэношо шагналтай энэ башёг амжилттай дуусгалаа.
Ичиножёо /М-2/ А.Ичинноров, энэ өдөр Такарафүжи /М-8/-тэй барилдаж, түүнийг хатакикоми мэхээр унагаснаар 10 даваа, 5 унаатай өндөрлүүлж байна.
Харин Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Ура /М-13/-тай таарч, түүнд ошидаши мэхээр унагаснаар 8 даваа, 7 унаатай башёг дуусгав.
Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил энэ өдөр Тобизарюү /М-3/-тэй барилдаж, түүнд шитатэнаге мэхээр унаснаар 11 даваа, 4 унаатай башёг өндөрлүүлж байна.