Ши Жиньпин Хятад, Монголын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэхийг уриалав

оруулсан Алсын Хараа

/Xinhua/. Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ эринд гүнзгийрүүлэхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин баасан гарагт уриаллаа.

Өнөөгийн нөхцөлд хоёр орны нийтлэг ашиг сонирхол улам бүр өргөжиж буйг Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярих үеэрээ хэлэв. Мөн уул усаар холбогдсон найрсаг хөршүүд болох Хятад, Монголын харилцаа эрчтэй хөгжсөөр буйг онцлон тэмдэглэжээ.

“COVID-19” дэгдэж эхлэх үеэс хоёр орон цар тахлыг эсрэг хамтран тэмцэж, хоёр улсын ард түмний найрсаг харилцаа гүнзгийрсэн нь Монголоос бэлэг болгон өгсөн хонины хариуд талархсан сэтгэлээ илэрхийлэн Хубэй мужаас нутгийн цай илгээсэн сэтгэл хөдөлгөм үйл явдлуудаас харагдаж буйг мөн онцлов.

Түүнчлэн БНХАУ цар тахлын эсрэг Монгол Улсын тэмцэлд бүхий л хүчин чадлаа дайчлан үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйг илэрхийлсэн байна.

Мөн хоёр орон харилцан бие биеийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийн сацуу ард түмнийхээ бие даан сонгосон хөгжлийн замналыг харилцан хүндэтгэж, бие биеийн үндсэн ашиг сонирхол, гол асуудлуудыг харгалзан үзэж, дэмжихийг тэрбээр санал болгожээ.

Үүний сацуу хоёр тал “Бүс ба Зам” санаачилга, “Талын зам” хөтөлбөрийг илүү сайн уялдуулж, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, экологи гэх мэт салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд газарзүйн хувьд ойр байршлаа ашиглах хэрэгтэйг нэмж хэлсэн байна.

Түүнчлэн Хятадын тал Монголоос импортлох уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байгааг илэрхийлэв.

Тэрбээр мөн БНХАУ хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, олон талт байдлыг хөхиүлэн дэмжих, харилцан хүндэтгэсэн, шударга, эрх тэгш, харилцан ашигтай байдлыг тодотгосон олон улсын харилцааны шинэ хэв маягийг цогцлооход Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байгааг онцлон хэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүний хариуд, Хятадын Коммунист намын /ХКН/ зуун жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын даргад баяр хүргээд, ХКН өнгөрсөн 100 жилийн хугацаанд Хятадын ард түмнийг хосгүй ололт амжилтуудад хүрэхэд нь чиглүүлэн манлайлсныг онцлон тэмдэглэв.

Мөн Ши Жиньпиний хүчирхэг удирдлага дор Хятад улс ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, бүх талаар хөгжин цэцэглэсэн нийгмийг байгуулсныг дурдаад, цаашид хоёрдугаар зуун жилийн зорилгодоо хүрэх шинэ аялалд нь өндөр амжилтыг хүсэн ерөөжээ.

Түүнчлэн Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа “COVID-19” цар тахлыг үл харгалзан хөгжлийн эрчээ хадгалж буйг онцлов. Тэрбээр, “Зовох цагт нөхрийн чанар танигддаг” хэмээх зүйр үгийг эш татан хүнд цагт үнэ цэнтэй тусламжаар хангасан явдалд талархал илэрхийлэв.

Мөн Хятадын хөгжил Монгол Улсад ач холбогдолтой боломжуудыг нээж буйн сацуу дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон хэллээ.

“Манай улс цаашид харилцаа холбоогоо улам гүнзгийрүүлж, олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, “Бүс ба Зам” санаачилгыг идэвхтэй дэмжиж, олон талт харилцааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүн төрөлхтөний төлөөх хамтын ирээдүйг цогцлооход БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна” гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.

Сэтгэгдэл бичих