Улаанбаатар-Дарханы эхний 130 км автозамыг нээв

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын эхний 130 км замыг нээгээд байна. Тодруулбал, дээрх хэсгийн замыг бүхэлдээ асфальтаар бүрэн хучсанаар зорчих хөдөлгөөнийг энэ сарын 15-наас нээжээ. 130 км-ээс цаашхи автозамын шинэчлэл, засварыг үргэлжлүүлэн хийж буй тул тээврийн хэрэгсэл сайжруулсан шороон замаар зорчиж байгаа юм. Одоо эхний нээсэн 130 км автозамд замын тэмдэг, тэмдэглээг хийж байна. Нэг багц буюу 45 км зам дээр 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай байгаа аж. Зам засвар, шинэчлэлийг хийж буй гүйцэтгэгч компаниудын төлөөллийн тодруулгыг хүргэж байна.

ЕСБХБ-ны төслийн 4 багцийн хэсгийн ажлын талаар "Шанхай Констракшн групп" компанийн төслийн инженер О.Батхүү хэлэхдээ, "Бид ажлаа 2019 оны 7 дугаар сараас эхэлсэн. Өнгөрсөн жилийн хувьд манай гүйцэтгэгч БНХАУ-ын компанийн мэргэжилтнүүд болон нарийн мэргэжлийн ажилчид коронавирусний халдварын нөхцөл байдал болон аль аль талын улсад хориг, хязгаарлалттай байснаас болж Монголд орж чадалгүй удсан явдал бий. 8 дугаар сарын эхээр ирсэн. Инженер техникийн ажилтнууд эрт ирсэн бол өнгөрсөн жил "Дархан-2" өртөөний орчмын автозамын хучилтаа хийгээд хөдөлгөөнийг нээх байсан" гэв.

Хар модотын даваанаас Урьхан хүртэлх 45.5 км-ын автозамыг хариуцан ажиллаж буй "Жонмэй Инженеринг групп"-ийн төслийн удирдагч Лу Бинг хэлэхдээ, "Манайх замын дунд Сайханы гүүрийг мөн хариуцан туслан гүйцэтгэгчээр WXP компани ажиллаж байна. "Жонмэй Инженеринг групп"-ийн хувьд ЕСБХБ-ны хөрөнгө оруулалттай төслийн автозамын 2-3 хэсгийг хариуцан ажиллаж байна.

-Замын өргөнийг стандартаар хэдэн үе тавьж байна вэ? Замын даац, чанарын баталгаа, ашиглалтын хугацааг хэлнэ? 

-Замын нийт өргөн 11 метр урттай тавьж байгаа. Замын даацыг нэг автомашин 11 тонн гэж үзэж буй. Манайх 3 жилийн баталгаатайгаар замаа хариуцаж байгаа. Эвдрэл, гэмтэл гарлаа гэхэд 3 жил засварлаж хариуцана гэв. WXP компанийн гүүрийн инженер Б.Болдхуяг:

-Хоёрдугаар багцад хамаарах Сайханы голын 18 метр гүүр барих ажил одоо 45-50 хувийн гүйцэтгэлтэй байна. Бид 40-45 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Цаг агаарын нөхцөл байдал буюу усархаг борооны улмаас 10 хоног, хорио цээр, цар тахлаас болоод 16 хоног алдсан. Хятадаас ирэх үндсэн материалаа хүлээж байгаа. Мөн нийслэлээс ирэх бетон цутгамал, арматур байна. Бүтэн сар хүлээж байгаа ч боломжоороо ажиллаж байна гэв.

Тус компани Сайханы гүүрээс гадна Дарханы автозамын 2 дугаар багцад харьяалагдах Шивэртийн болон Шавартын гүүрийг тавих юм. Нийт ажил 9 дүгээр сард дуусна гэв.

АХБ болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны зээлийн санхүүжилтээр тавьж буй УБ-Дарханы чиглэлийн автозамыг 5 багц болгон хэсэгчилэн тавьж буй юм. Үүнд:

  • I багц: Нийслэлээс баруун аймгууд руу салах тойрог уулзвараас Хар модотын (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км автозам. Гүйцэтгэгчээр "Арж капитал" ХХК болон БНХАУ-ын "Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж" компани,
  • II багц: Хар модотын давааны араас Урьхан хүртэлх 45.5 км автозам, мөн БНХАУ-ын "Жонмэй Инженеринг групп,
  • III багц: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км автозам, БНХАУ-ын "Гуйжоу Хайвэй инженеринг групп",
  • IV багц: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий-Хонгор сум хүртэлх 45.08 км автозам,
  • V багц: Цайдамын хөндийгөөс Дархан хотын тойрог уулзвар хүртэлх 30.53 км автозам. "Чайна Жео-инженеринг корпорац.

УБ-Дарханы чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын захиалагчаар Монгол Улсын ЗТХЯ, санхүүжилэгчээр Сангийн яам, АХБ, ЕСБХБ, зөвлөхөөр БНЭУ-ын ICT болон туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын "Ай Си Ти Сайн консалтинг" ХХК, мөн Итали улсын "Аи Ар Ди инженеринг" БНЭУ-ын "Аи Си Ти" компанийн түншлэл хамтран оролцож байна.

Тус замын шинэчлэл, засварын ажилтай ЗТХ-ийн сайд Л.Халтар өнгөрсөн 7 хоногт газар дээр нь танилцсан бөгөөд гүйцэтгэгч компаниуд эхний 130 км-ыгнхатуу хучилтыг өнгөрсөн хугацаанд хийж дууссанаар ийнхүү замын хөдөлгөөнийг бүрэн нээгээд байна.

Сэтгэгдэл бичих