Токиогийн Олимп эхлэхэд долоо хоног үлдлээ

оруулсан Алсын Хараа

Токиогийн Олимпын наадам танхимын цөөн үзэгчтэйгээр эхлэхэд долоо хоногийн хугацаа үлдээд байна. Японы нийслэлд коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж буй үед энэхүү наадам болох юм.

Өнгөрсөн долоо хоногт Олимпыг зохион байгуулагчид Токио болон тус хоттой хөрш зэргэлдээ оршдог гурван мужид болох тэмцээнүүдийг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Харин зарим муж дахь спортын байгууламжуудад тодорхой тооны үзэгчдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн билээ.

Энэ сарын 23-нд болох наадмын нээлтийн ёслолд зөвхөн улс орнууд, спортын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Ийнхүү оролцох хүмүүсийн тоог 10 мянга орчмоор хязгаарлахаар анх төлөвлөж байсан бол ойрын хугацаанд хэдэн зуугаар бууруулах төлөвтэй байна.

Олимпын хотхоны хувьд хэдийнээ нээгдээд байгаа бөгөөд олон тамирчин бэлтгэлээ бүрэн базаахаар Японд ирээд буй юм. Гэвч зарим тамирчний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарснаас үүдэн халдварын улмаас тэмцээний хуваарь өөрчлөгдөж болзошгүй гэдэгт тамирчид санаа зовних болжээ.

Иймээс зохион байгуулагчид Олимпыг аюулгүй зохион байгуулахын төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх сорилттой тулгарч байна. Токиогийн Олимпын эхний тэмцээн болох софтболын тэмцээн энэ сарын 21-нд буюу наадмын нээлтийн ёслолоос өмнө болно.

Монголын багийн түрүүч Токио хотноо очоод байна

 “Токио-2020” Зуны XXXII олимпын наадамд оролцох Монголын багийн эхний хэсэг Японы нийслэл Токио хотноо газардлаа. Бокс, 3х3 сагсан бөмбөг, сэтгүүлчдийн төлөөлөл болон МҮОХ-ны штабын ажилтнууд бүхий 25 хүний бүрэлдэхүүнтэй Японд очоод байгаа Монголын төлөөлөгчдийг маш нарийн хяналт шалгалтын дор цааш нэвтрүүлж байгааг багийн гишүүд мэдээлэв. Манай боксчид олимпын өмнөх бэлтгэлээ Шимада хотноо базаах бол 3х3 сагсан бөмбөгийн баг Яизү хотноо бэлтгэл сургуулилтаа хийх юм.

"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын нээлтийн ёслол 7 дугаар сарын 23-нд болох бөгөөд тэмцээнүүд 7 дугаар сарын 21-ний өдөр хөл бөмбөг, бэйсбол, гимнастикийн төрлөөр эхэлнэ.  Харин бокс болон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 7 дугаар 24-ний өдөр эхлэх хуваарьтай. Монголын 3х3 сагсан бөмбөгчдийн хувьд 24-нд Итали, АНУ-ын багтай эхний тоглолтоо хийнэ. Мөн энэ өдөр боксын эрэгтэйчүүдийн 57 кг жингийн тулаанууд болох юм. Харин 25-ны өдөр Монголын эрх авсан тамирчид тулалдах эрэгтэйчүүдийн 63 кг, эмэгтэйчүүдийн 75 кг жингийн тоглолтууд эхэлнэ.

Монголын багийн эхний ээлжийн бүрэлдэхүүнд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Ч.Ганбат, Спортын сэтгүүлч Д.Лхагва-Очир нар Токиог зорилоо.

Сэтгэгдэл бичих