Халдварын 1364 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн энджээ

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-ны мэдээлснээр өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 1364 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 769 нь Улаанбаатар хотод, 595 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын батлагдсан нийт тохиолдол 144 492 болж байна. Мөн 3730 хүн эмнэлэг болон гэрийн хяналтаас гарснаар нийт 121 953 хүн эдгэрээд буй юм. Түүнчлэн коронавируст халдварын улмаас 9 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр нийт 716 хүн эндээд байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд коронавируст халдвартай 10613 хүн эмчлүүлж байгаагаас 584 жирэмсэн эх, 2538 хүүхэд байна. Харин нийт эмчлүүлэгчдийн 6286 нь хөнгөн, 3078 нь хүндэвтэр,1029 нь хүнд, 220 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 19040 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

Хүн амын 4.2 хувь нь “Ковид-19” халдварт өртөөд байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанд ЭМЯ-наас цар тахал буурч байгааг танилцуулжээ. Энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэхдээ, “Сүүлийн өдрүүдэд нийт шинжилгээний 19 хувьд эерэг хариу гарч байна. Хүнд болон хүндэвтэр өвчтэй хүмүүсийн тоо буурч байгааг Эрүүл мэндийн сайд танилцуулсан.  Мөн дархлаажуулалтын үр дүн гарч байна. 16-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол 16 хувь байсан бол 8 хувь болж буурчээ. Харин дархлаажуулалтанд хамрагдаагүй буюу 5-11 насныхан дунд халдвар авах тохиолдол ихсэж байна.

Манай улсын хувьд нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртөөд байна. Дэлхийн улс орнууд хүн амынх нь 8 орчим хувь халдварт өртөөд байна. Энэ нь дархлаажуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулсны үр дүн юм гэж үзэж байгаа. Гэхдээ тайвшрах болоогүй. Учир нь “Дельта” вирус дэлхийн 111 оронд тархаад байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж байхыг ЭМЯ, УОК анхааруулж байна.

Монгол Улсын хувьд “Дельта” вирус тавдугаар сарын эхээр бүртгэгдсэн ч тархалтыг хумьсныг ЭМЯ танилцуулсан. Монгол Улсад “Альфа” вирус 90 хувьтай эрчимтэй тархаж байгаа судалгаа бий. Хэдийгээр тохиолдлын тоо буурч байгаа ч халдвар, хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахихыг анхааруулж байна” гэв.

Улсын хэмжээнд 11 мянга гаруй иргэн тусгаарлалтад байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 350 эмнэлэг болон тусгаарлан ажиглах  байранд 11848 иргэн байна. Үүнээс нийслэлд 51 эмнэлэгт 5425, тусгаарлан ажиглах 20 байранд 642 иргэн, орон нутагт 279 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5781  иргэн байгаа юм.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3431 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Өнөөдөр 16 суурин цэгт дархлаажуулалт хийж байна

Улаанбаатарт өнөөдөр 16 суурин цэгт, 24 багийн 172 эмч, ажилчин 5765 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Сэтгэгдэл бичих