Замын-Үүд дэх гаалийн газраас Улсын баяр, наадмын өдрүүдэд амралтгүй ажиллах санал хүргүүлсэн ч БНХАУ-ын тал хүлээн аваагүй учир энэ сарын 11-нээс 16-ныг хүртэл амрахаар болсон. Тэгвэл маргаашаас хил нээгдэж Замын-Үүд боомт хуваарийн дагуу ажиллана.
Энэ талаар Замын-Үүд дэх гаалийн байгууллагаас "Монгол Улсад орж ирж байгаа ачаатай автомашинуудын гаалийн бүрдүүлэлтийг хийж байна. Гаалийн газраас амралтгүй ажиллах чиглэл өгч, хоёр улсын хэлэлцээрийн дагуу ажиллах хүсэлт явуулсан ч Хятадын тал зөвшөөрөөгүй. Гэхдээ Замын-Үүд дэх гаалийн байгууллага наадмын өдрүүдэд гаалийн бүрдүүлэлт хийж, амрахгүй ажилласан" гэж мэдээлэв.
Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх саатаад буй бараа таваарын тээвэрлэлтийн нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн 7 хоногт шинэ ажлын хэсэг томилон ажиллуулж эхэлсэн. Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн 5 хоногийн хугацаанд дараах шийдвэрийг гаргаж, ачаа тээврийн эхний ээлжийн гацааг арилгаад байна. Тухайлбал,
- Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан 4 албаны дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ.
- Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 автомашиныг шуурхай бүртгэж, хянан гаргажээ.
- Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаасан ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлжээ.
- Замын-Үүд дэх 12 терминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажил тогтмол хийж эхлээд байна.