/TASS/. Бусад хувилбараасаа илүү халдвартай “дельта” омог тархсан улс орон, нутаг дэвсгэрийн тоо долоодугаар сарын 6-13-ны хооронд долоогоор нэмэгдэж, 111 боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлэв.
"“SARS-CoV-2” вирус үргэлжлэн тархаж, хувьсан өөрчлөгдсөөр байна” гэж ДЭМБ халдварын байдлын талаарх долоо хоног тутмын мэдээндээ дурджээ.
Цаашид уг хувилбар давамгай тархах төлөвтэй байгаа тул өвчлөл нэмэгдэж, "эрүүл мэндийн тогтолцоонд үзүүлэх дарамт ялангуяа вакцинжуулалтын хамралт багатай улс орнуудад нэмэгдэх" төлөвтэй байна гэж ДЭМБ анхааруулжээ. Долоо хоногийн өмнө буюу долоодугаар сарын 6-ны байдлаар “дельта” хувилбар тархсан улс орнуудын тоо 104 байсан бол долоо хоногийн өмнө 96 байсан байна.
ДЭМБ “дельта”-гаас гадна "санаа зовоосон хувилбар" гэх ангилалд оруулсан коронавирусний өөр гурван хувилбарын тархалтын талаар мэдээлжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Их Британид анх бүртгэгдсэн "альфа" хувилбар долоодугаар сарын 13-ны байдлаар 178 улс оронд тархаж, өмнөх долоо хоногийнхоос таваар нэмэгдсэн байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард ӨАБНУ-д анх бүртгэгдсэн “бета” хувилбар 123 улсад тархсан бол есдүгээр сард Бразилд илэрсэн “гамма”хувилбарын тархсан орнуудын тоо 75 болж нэмэгджээ.
"COVID-19”-өөр халдварлах эрсдэл маш өндөр хэвээр байгааг" ДЭМБ анхааруулжээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд буурч байсан халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногт 10 хувиар нэмэгдсэн байна. Долоо хоногийн дотор дэлхий даяар 3 сая орчим хүн шинээр халдвар авчээ. Үүний зэрэгцээ, нас баралтын тохиолдол 3 хувиар өссөн бөгөөд долоо хоногт 55 мянга гаруй хүн нас барсан байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, долдугаар сарын 13-ны байдлаар дэлхийн даяар коронавирусний халдварын 187 085 093 тохиолдол бүртгэгдэж, 4 042 921 хүн нас баржээ.