Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гурван тооны хүрэн баавгайг агнаж, түүхий эд болох 12 ширхэг сарвууг худалдан борлуулахаар бэлтгэж байсныг Төв аймаг дахь экологийн асуудал хариуцсан цагдаагийн алба хаагчид нэгдүгээр сарын 20-нд илрүүлэн мөрдөн шалгах ажил үргэлжиж байгаа тухай Экологийн цагдаагийн албаны цахим хуудас өнөөдөр мэдээлжээ.
Тодруулбал, Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Захарын даваа” гэх газраас иргэн А, З, Т, нар нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчиж, ховордсон амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг зөвшөөрөлгүй агнасан байжээ.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар, хууль бусаар ан агнасан, түүний түүхий эдийг бэлтгэсэн, худалдсан тээвэрлэсэн зэрэгт 5400 нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна. Түүнчлэн нэн ховор амьтныг барьж зориудаар тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан бол мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна.