АЙМГУУД ХӨЛ ХОРИО ТОГТООХДОО УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТОЙ ЗӨВШИЛЦӨНӨ

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр боллоо.

Аймгууд хөл хорио тогтоохдоо Улсын онцгой комисстой зөвшилцөнө   

Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаархи мэдээллийг сонсов. Өнөөдрийн байдлаар 20 аймагт халдварын 30,299 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эмнэлэг болон тусгаарлан эмчлэх байранд 7,476 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хөнгөн 6,402, хүндэвтэр 869, хүнд 170, нэн хүнд 35 иргэн байна. Орон нутагт халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоосон. Эдгээрээс 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдах юм. Засгийн газрын шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл ес хоног амарна. Түүнчлэн зуны улиралтай холбогдуулан иргэдийн хөдөө, орон нутаг руу чиглэх хөдөлгөөн эрс нэмэгдэх төлөвтэй байна.

Үүнтэй холбогдуулан:

-       Импорт, экспортын гол боомтуудтай аймаг, орон нутагт хатуу хөл хорио хэвээр үргэлжилнэ.  Боомтууд хэвийн үйл ажиллагаанд шилжих хүртэл хөдөлгөөнийг хязгаарлах;

-       Аймгууд бие даан хязгаарлалт тогтоохгүй. Зөвхөн Улсын онцгой комисстой зөвшилцөж хязгаарлалт, хөл хорио тогтоох;

-       Иргэд орон нутагт зорчихдоо айлаар орохгүй, суурин газрын хөдөлгөөнд оролцохгүй, зөвхөн жуулчны бааз, амралтын газраар үйлчлүүлэх;

-       Бүрэн вакцинд хамрагдсан эсвэл өвчлөөд эдгэрсэн хүмүүс орон нутаг руу зорчих боломжтой, гэр бүлээрээ явж байгаа бол  таваас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авах;

-       Үйлчилгээний байгууллагуудыг ээлж дараатай нээх эсэхийг Нийслэлийн онцгой комисс урьдын адил хариуцах, ингэхдээ 22.00 цагаас хойш  ажиллуулахгүй байх зэрэгт анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Ерөнхий сайд чиглэл болгов.

Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ

“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд барьсан Дулааны станц, Ус хангамж, ариутгах татуургын туршилт, тохируулга хийхэд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт 2026 онд дуусч ашиглалтад орох хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөт бүсийг энэ зун нээж байнгын ажиллагаанд оруулах үүрэг өгөв.  Эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлснээр:

-       Экспорт, импорт нэмэгдэнэ;

-       Үйлдвэрүүд хөгжинө;

-       Худалдаа, үйлчилгээний шинэ салбарууд бий болно;

-       Шууд ажлын байр бий болно;

-       Бүтээн байгуулалт нэмэгдэнэ;

-       Аялал жуулчлал хөгжинө;

-       Тэргүүний техник, технологи нутагшина;

-       Транзит тээвэр, логистик нэмэгдэнэ;

-       Худалдааг хөнгөвчилнө;

-       Бүс нутгийн хөгжил эрчимжинэ гэж үзэж байна. Тухайлбал 2026 он гэхэд хөрөнгө оруулагчийн тоо 70-д хүрч 9,400 ажлын байр бий болох юм. 2034 он гэхэд экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт 2,9 тэрбум ам.долларт хүрч 18 мянган ажлын байр бий болох тооцоо гарчээ.

Цахим визийн систем нэвтрүүллээ

“Монгол Улсын виз олгох журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Ингэснээр Монгол Улсад ирэх гадаадын 31 улсын иргэд, тухайлбал эхний ээлжинд жуулчин, соёл, урлаг, спортын тэмцээн, уралдаанд оролцох, кино, контент бүтээх болон дамжин өнгөрөх визийг цахимаар авах боломжтой. Визийн 11 ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн орших суух зөвшөөрлийг 29 хэлбэрт нийцүүлэн дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх гэх мэтээр  64 болгон төрөлжүүлжээ. Тухайлбал “К4” визийг соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх иргэдэд олгох юм.  Визний ангиллыг тодорхой болгосноор виз хүсэгч гадаадын иргэнд зорчих зорилгод нь тохирсон виз олгох, визийн талаархи статистикийн тоон мэдээллийг дэлгэрэнгүй гаргах, визийг шуурхай олгох болон визийн нэгдсэн сантай болох давуу талтай.  Энгийн зэргийн буюу B /бизнес/ ангиллын 30 хүртэлх хоногийн визийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, J /жуулчин/ ангиллын 30 хүртэлх хоногийнх бол хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар олгох юм. Одоогоор дэлхийн 80 орчим улс цахим визийн систем нэвтрүүлээд байна.

Медаль хүртсэн тамирчдад урамшуулал олгоно

“Тамирчин, дасгалжуулагчдад 2021 онд олгох мөнгөн урамшуулал, шагналын тухай” тогтоолын төслийг баталлаа. Энэ дагуу Олимп, паралимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын есөн төрлөөр медаль хүртсэн нэр бүхий 58 тамирчинд сар бүр нийт 132 сая төгрөг, Боксын  залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн болон Шатрын их мастерын болзол хангасан тамирчид, дасгалжуулагч нарт нэг удаа нийт 104 сая төгрөг олгоно. 2013-2020 онд Олимп, паралимпын наадмаас гурван алт, долоон мөнгө, 13 хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 алт, 22 мөнгө, 42 хүрэл медаль хүртсэн 58 тамирчинд 11 тэрбум гаруй төгрөгийн мөнгөн урамшуулал, 2015-2020 онд 4,411 тамирчин, дасгалжуулагчид долоон тэрбум гаруй төгрөгийн нэг удаагийн мөнгөн шагнал олгожээ. Мөн Олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн хөгжлийн бэрхшээлтэй 43 тамирчинд урамшуулал олгоход шаардагдах 230 орчим сая төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг сайд А.Ариунзаяад зөвшөөрөв. Мөнгөн шагнал, урамшуулал нь тамирчид, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, спортоор хичээллэх, амжилт гаргахад нь эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

Товч мэдээ

-       Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-       “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг шинэчлэн батлав.

-       Цар тахлын үед хөл хорионы шатлал харгалзалгүй ургац хураалтын бэлтгэлийг эртнээс сайтар хангахыг сайд З.Мэндсайханд даалгав. Одоогоор 414 мянган га-д үр тариа, үүнээс 384 мянган га-д улаанбуудай, 16 орчим мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 68 мянган га-д тосны ургамал, 42 орчим мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалаад байна.

Сэтгэгдэл бичих