Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой эсэх сэтгүүлдийн асуултад Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хариулт өглөө.
Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэг удаагийн урамшуулал олгох асуудлыг төсвийн тодотголд тусгасан. Тодруулбал, улаан бүсэд ажиллаж байгаа 13,000 ажилтанд тус бүр 2 сая төгрөг, бусад эрүүл мэндийн ажилтнуудад тус бүр 1 сая төгрөгийн урамшуулах олгох асуудлыг УИХ-д өргөн барьсан. Чуулганаар хэлэлцэгдээд явж байгаа.
Улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын хувьд ЭМД-ын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор цалингаа 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой.
Эмч нарын тавьж байгаа шаардлагын дагуу цалинг хоёр дахин нэмэх боломж 2021 оны улсын төсөвт байхгүй. Яг энэ шаардлагаар бол улсын төсөвт 1.1 их наяд төгрөг хэрэгтэй болно.
Эрүүл мэндийн сайд, бусад холбогдох байгууллагууд суулт зарлаж байгаа эмч нартай хамтран ажиллах талаар уулзсан. Эмч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар ажиллана. 2021 оны төсөвт эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх боломж байхгүй. Гэхдээ эмнэлгүүдийн удирдлагууд Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулаад цалинг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлээд явах боломжтой гэдгээ зарласан" хэмээн хариуллаа.