"Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон төвийн бүсийн шугамд гэмтэл гарсан тул эрчим хүчийг хязгаарлаад байна"

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар хот болон төвийн  бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн  бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байгааг ЭХЯ-наас мэдээллээ.

Гэмтлийг засварлахаар шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа ба хязгаарлагдсан хэрэглэгчдийг үе шаттайгаар холбож эрчим хүчний хангамжийг хэвийн болгох юм байна.

Монгол Улсын эрчим хүчний салбар нь Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Төвийн бүсийн эрчим хүчний систем, Зүүн бүсийн эрчим хүчний системд хуваагддаг аж.

Гэмтэл гарсан хэсэг /Зураг дээр дарж томруулж үзнэ үү/ 

16:30 2021/07/07

Цахилгаан тасарсан шалтгааныг тодруулахаар шалгалтын баг ажиллаж байгааг ЭХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлллээ.

Тэрбээр "Цахилгаан станц дээр асуудал гараагүй. Урьдчилсан байдлаар 203, 204 дүгээр шугам дээр аваар гарсан гэж үзэж байна. Шалгалтын баг ирэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.

16:11 2021/07/07

Цахилгаан тасарсан шалтгааныг ЭХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Гэмтэл гарч цахилгаан тасарсан. Яг одоо ямар гэмтэл гарсан талаар тодруулж байна. Улс даяараа арай биш байх.

Эхний ээлжид нэгдүгээр зэргийн хэрэглэгчид буюу эмнэлэг зэрэг байгууллагуудын цахилгааныг сэргээгээд ажиллаж байна" гэлээ.

15:51 2021/07/07

Нийслэлийн дийлэнх хэсэг болон зарим аймагт цахилгаан тасраад 20 минут орчмын хугацаа өнгөрч байна.

Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад "Цахилгаан тасарсан шалтгааныг тодруулж байна. Одоогоор хариу ирээгүй байна" гэв.

Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн лавлах 7004-7004 дугаарын утас руу залгахад автоматаар тасарч байгаа юм.

Одоогийн байдлаар Орхон, Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Сүхбаатар аймагт цахилгаан тасарсан гэх мэдээлэл байна. Нийслэлийн хувьд Төв талбай, Хүнсний-4 орчимд цахилгаан тасраад иржээ.

Сэтгэгдэл бичих