“Токио-2020” олимпод оролцох баг тамирчдад мандат болон хувцас хэрэгслийг гардуулав

оруулсан Алсын Хараа

 Токио хотноо 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 08-ны хооронд зохион байгуулах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 15 хоног үлдлээ.

 

Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа мягмар гарагаас эхэлж байна.

 

Энэхүү гардуулах ёслолд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, “Токио олимп” сангийн менежер Б.Өнөбаатар нар оролцож, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн баг тамирчдад  амжилт хүслээ.

 

“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцсыг  Монгол үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор 2019 онд загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэн бөгөөд “Мишээл-Амазонка” ХХК шалгарч, урласан юм.

 

Энэ удаагийн олимпын наадамд манай баг тамирчид спортын 10 төрөлд буюу шинээр 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис, жүдо багийн төрөлд эрхээ авч өнөөдрийн байдлаар нийт 44 тамирчин оролцохоор болоод байна.

Сэтгэгдэл бичих