Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн 4 дэх өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Таканошо /М-2/-той барилдаж, түүнийг цүкиотоши мэхээр унагаж, 4 даваатай болов.
Энэ башёд түрүүлбэл Ёкозүна цол хүртэх болзолтой Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Дайэйшо /М-1/-той учраа таарч, түүнийг ёрикири мэхээр давж 4 дэх даваагаа авлаа.
Энэ өдөр Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Комүсүби Мейсэйтэй таарч барилдан, түүнийг ёрикири мэхээр давснаар 3 даваа, 1 унаатай байгаа бол Хошёорюү /М-5/ С.Бямбасүрэн, Чиёотайрюү /М-4/-тэй таарч, түүнийг ошидаши мэхээр унагаж 3 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Чиёошома /М-7/ Г.Мөнхсайхантай учраа тааран барилдаж түүнийг уватедашинаге мэхээр хаяж 3 даваа, 1 унаатай яваа бол, Чиёошома 2 даваа, 2 унаатай болов. Энэ өдөр Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Котоновака /М-11/-тай барилдаж, түүнийг окүридаши мэхээр давснаар 4 даваатай болов.
Озэки Шодай, Комүсүби Вакатакакаге-тай барилдаж, түүнд ошидаши мэхээр ойчиж 2 унаа, 2 даваатай башёг үргэлжлүүлж байна.