Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр эмнэлгийн удирдлагуудтай уулзав.
Ингэхдээ эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээр эмч, ажилчдаа урамшуулах, цалин нэмэх боломжтой талаар танилцуулж, цалинг нэмэх үүргийг эмнэлгийн дарга нарт өгчээ.
Энэ үеэр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Э.Галбадрах бүх ажилтнуудынхаа цалинг 20 хувиар нэмсэн гэдгээ танилцуулав.
Тэрбээр "2021 оны эхний хагас жилд ГССҮТ-ийн санхүүгийн гүйцэтгэл ямар нэгэн өргүй гарсан.
Үлдсэн зургаан сарын санхүүгийн гүйцэтгэлд цалингийнхаа төсвийг тусад нь тооцоолж, ажилтан тус бүрийнхээ үндсэн цалинг 20 хувиар нэмэх бүрэн боломжтой гэсэн тооцоо судалгааг гарган, ажил хэрэг болгоод байна.
Үйлчлүүлэгч олон байх хэрээр гүйцэтгэл санхүүжилт авдаг.
Цар тахлын үед он гарсаар эхний дөрвөн сард бид 2.8 тэрбум төгрөгийн тасралттай байсан. Түүнийгээ өнгөрсөн тав болон зургаадугаар сард нөхсөн.
Ямартай ч цаашид алдагдал гаргахгүйгээр балансаа барьж явахад ажилчдынхаа цалинг 20 хувийн нэмэгдэлтэй бүрэн өгөөд байх боломжтой” гэдгийг нэмж хэллээ.
Үүнтэй адил бүх эмнэлэг ажилтнуудынхаа цалинг нэмэх боломж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд дурдаж байв.