Токио хотноо болох Зуны XVI паралимпын наадамд жүдоч А.Мөнхбат хүчээ сорих эрхээ баталгаажуулснаар Монгол Улсын баг тамирчид албан ёсоор 8 эрхтэй боллоо.
Пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг IBSA харааны бэрхшээлтэй иргэдийн спортын дэлхийн наадмын 2015 оны мөнгө, 2019 оны аварга А.Мөнхбатын оролцох эрхийг олон улсын паралимпын хорооноос ийнхүү баталгаажуулсан байна. Тэрбээр жиндээ дэлхийн чансааны 7 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.
"Токио-2020" паралимпын наадам 2021 оны 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-нд болох бөгөөд өнөөдөр /2021.07.04/-ийн байдлаар Монголын паралимпын баг тамирчид 6 спортын төрөлд 8 тамирчин оролцох эрхтэй болж байна.
Өнөөдөр Чехийн Ново Место хотноо паралимпын эрх олгох пара байт харвааны тэмцээн эхэлнэ. Энэ нь паралимпын эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн бөгөөд Монголоос 4 тамирчин оролцох юм.