Гадаад зах зээлд газрын тосны үнэ өсөж байна. Энэ нь олон улсын зах зээлээс хамаардаг манай улсад Аи-92 шатахууны үнэ литр тутамд 300 төгрөгөөр нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Энэ талаар АМГТГ-ын Газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэхдээ, манай улсад шатахууны түгээлт борлуулалтын үнэ ханш:
- гадаад зах зээл дэх газрын тосны үнэ,
- валютын буюу ам.долларын ханшийн үелзэл,
- нефть бүтээгдэхүүний хилийн үнээс шууд хамаарч буйг хэллээ.
Тэрээр шатахуун импортлогч компани, ААН-үүдтэй хамтран өнгөрсөн оны 3 дугаар сараас хойш 3 удаа жижиглэнгийн үнийг 380-570 төгрөгөөр бууруулж ирснийг тодотгов. Мөн өнгөрсөн сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөж буйг онцлоод энэ хугацаанд буюу оны эхнээс 5 дугаар сар хүртэл Аи-92 автобензиний жижиглэнгийн үнийг нийслэл хотод литр тутамд 1450 төгрөг, аймаг, орнон нутагт 1480-1670 төгрөгт тогтвортой барьж ирснийг дурдав.
Газрын тосны гадаад зах зээл дэх нөхцөл байдлын талаар хэлэхдээ, энэ оны 1 дүгээр сараас хойш газрын тосны үнэ өссөн. Тодруулбал, Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) энэ оны 5 дугаар сард газрын тосны зэх зээлийн тоймоо шинэчлэн тооцохдоо энэ оны нийлүүлэлтийг өдөрт 270 мянган баррелиар бууруулан 5.4 сая баррель болгосон. Энэ нь Америк, Европын орнуудад газрын тосны хэрэглээ энэ оны эхний улирлын хүлээлтээс бага байжээ. Үүнийг Энэтхэг улсад газрын тосны хэрэглээ ихээхэн хумигдсантай холбож байна.
Олон улсын шинжээчдийн "Goldman sachs" байгууллага энэ оны дунд үеэс газрын тосны үнэ баррель нь 70 ам.долларт, харин "JPMorgan" оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй байна хэмээн таамлаглаж байна