Хятадын Шанхай хотноо дэлхийд хамгийн томд тооцогдох одон орон судлалын төвийг энэ сарын 18-нд олон нийтэд албан ёсоор нээнэ гэж "Пэнпай" хэвлэл мэдээлжээ.
2016 оны 11 дүгээр сард барилгын ажлыг нь эхлүүлсэн энэхүү цогцолбор нь Шанхай хотын шинэ дүүрэг болох Пудунд байрладаг байна. Цогцолборын гол байгууламжийн нийт талбай нь 38 мянган хавтгай дөрвөлжин метр бол цогцолбор бүхэлдээ 58 600 хавтгай дөрвөлжин метр талбай эзэлжээ. Албан ёсоор нээхийн өмнө одон орон судлалын төвийн захиргаанаас сэтгүүлч, мэргэжилтнүүдэд зориулж хэд хэдэн нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Уг цогцолбор нь гол байгууламжаасаа гадна залуучуудын эрдэм шинжилгээний төв, олон нийтэд зориулсан ажиглалтын хоёр төв зэрэг хэд хэдэн байгууламжтай ажээ. Үзэсгэлэнгийнх нь хэсэгт Сар, Ангараг гараг, Веста солир зэрэг тэнгэрийн янз бүрийн биетүүдийн хэлтэрхийг үзэх боломжтой байна. Үзмэрт мөн Исаак Ньютон, Галилео Галилей, Коперник болон бусад хэд хэдэн эрдэмтний бүтээлүүдийн эх хувийг тавьжээ.
Гаднах байдлаараа энэхүү цогцолбор нь шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудад гардаг сансрын аварга том хөлгийг санагдуулам аж.ШАНХАЙ. /TASS/.