"Чингис хаан" ОУНОБ анхны нислэгээ Токио руу үйлдэв

оруулсан Алсын Хараа

Өнөөдөр буюу 2021.07.04-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлаас Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/ ХК-ийн “Зүчи хаан” агаарын хөлөг Япон улсын нийслэл Токио хот руу анхны нислэгээ үйлдэв.

Энэхүү шинэ ОУНОБ үйл ажиллагаагаа эхлүүлж анхны нислэгийг үйлдэх ёслолд Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр,

“Өлзий дэмбэрэл бүрдсэн өгөөмөр сайхан энэ өдөр Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудын нэг, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг, манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааны бэлгэдэл болсон, далайд гарцгүй Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбож байгаа Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал албан ёсоор ашиглалтад орж, анхныхаа нислэгийг үйлдэж байгаа энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй, торгон дурсамжтай агшинд оролцож байгаадаа миний бие баяртай байна.

Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танд болон Элчин сайдын яамны хамт олон Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

“Өөдлөх айл үүднээсээ” гэж ардын сайхан үг бий. Энэ шинэ нисэх буудал Монголын ард түмний үүд хаалга, манай улсын хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг болж шинээр нээгдэж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 онд миний бие Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Стратегийн түншлэлийн чиглэлээр олон асуудал яригдсаны дотор хамгийн ихээр онцгойлон ярьсан нэг асуудал нь энэ нисэх буудлын барилгыг барьж, ашиглалтад оруулах байсан бөгөөд энэ талаар хоёр орны Ерөнхий сайд нар санал бодлоо солилцож, хамтарч ажиллахаар болсон юм.

Түүнээс хойш шинэ нисэх буудлын төслийн олон ажил эрч хүчтэй явагдан, өнгөрсөн жил бид нар шинэ нисэх буудлаа хүлээн авсан. Цар тахлын харгайгаар энэ ажил тодорхой хугацаанд хойшлогдсон ч өнөөдөр албан ёсоор Монгол Улсаас Япон Улсын Токио хотын чиглэлд анхны нислэгээ үйлдэх түүхэн үйл явдал болж байна.

Манай хоёр орны ард түмний харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон, ийм сайхан үйл явдал болж байна. Жилдээ гурван сая хүн хүлээж авах хүчин чадалтай нисэх онгоцны буудалд зөвхөн иргэний агаарын тээврийн онгоцуудаас гадна хүнд даацын онгоцууд бууж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард түмний маань аж амьдрал дээшлэх, нэн ялангуяа аялал жуулчлал хөгжиж, эдийн засаг өсөн дэвжихэд шинэ нисэх буудал асар их ач тусаа өгнө гэж бодож байна.

Эзэн Чингис хааныхаа нэрээр овоглосон шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолын ажиллагаанд оролцож байгаа Та бүхэнд дахин талархал илэрхийлье.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон энэ нисэх буудлыг барьж байгуулахад төр, засгийн түвшинд хамтран ажилласан хүмүүс, Монгол, Японы бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, энэ том бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулсан удирдлагын баг, хамт олон, оролцсон бүх компани, тэдгээрийн ажилтнууд, инженер, техникийн ажилчид, гар бие оролцсон бүх хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар талархал дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Энэ нисэх буудал ашиглалтад орсноор улс орны маань хөгжил дэвшилд асар том ач холбогдолтой. УИХ-аар батлагдсан “Шинэ Зуун мод” хотыг хөгжүүлэх бүрэн боломж нь бүрдэж байна. Монгол Улсад ложистикийн шинэ төв нээгдэж байна. Энэ нисэх буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ. “Шинэ Зуун мод” хот хүн ард маань суурьшиж амьдрах, бизнес, эдийн засаг, худалдааны том бүс болон хөгжинө гэдэгт миний бие бат итгэлтэй байна.

Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин баяр хүргэе!

Монгол, Японы ард түмний ган бат найрамдал, манай хоёр орны Стратегийн түншлэл улам хөгжиж, дэвжин цэцэглэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье! Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Мөн энэхүү ёслолын арга хэмжээнд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон шинэ нисэх онгоцны буудлыг барьж байгуулах төслийг хэрэгжүүлсэн Япон улсыг төлөөлөн Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй хоёр улсын албаны хүмүүс болон МИАТ ХК-ийн удирдлага, хамт олон тус оролцлоо.

Сэтгэгдэл бичих