Эдийн засгийн байдлыг иргэд юу гэж үзэж буйг тандах зорилготой "Хэрэглэгчийн итгэлийн индекс" 4.1 хувиар өссөнийг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор Б.Алтанцэцэг хэлж байна.
Гэхдээ энэ бол өнгөрсөн оны сүүлийн улирлын байдлаарх хувь. Харин өнөөгийн эдийн засгийн байдлын талаарх индекс жилийн өмнөх түвшнээс буурч 49.7 хувь болоод байна. Энэ нь сүүлийн 3 жилийн байдлаар анх удаа буурч байгаа үзүүлэлт юм гэдгийг тэрбээр онцлов.
Өмнөх жилүүдэд хэрэглэгч иргэдийн эдийн засагт итгэх итгэл ерөнхийдөө дээшилсэн. Гэхдээ энд ойрын 6 сар болон нэг жилийн байдлыг харж байдаг ирээдүйн хүлээлтийн индекс илүү голлон нөлөөлдөгийг хэлж байна. “Хэрэглэгчийн итгэлийн индексийг тодорхойлохдоо өрхийн худалдан авалтын төлөвлөгөөг танддаг. Энэ нь эдийн засгийн чиг байдлыг таамаглахад чухал мэдээлэл болдог байна.
Тэрбээр, ирээдүйн хүлээлтийн индекс өмнөх оны үеэс 10.9 хувиар өссөн. Харин өнөөгийн эдийн засгийн байдлын талаарх индекс энэ удаа буураад байна гэв. Эдийн засгийн ойрын 6 сарын төлөв байдлыг тандсан судалгааг танилцуулах үеэр ийнхүү мэдэгдээд байна. "Хэрэглэгчийн итгэлийн индекс"-ийн судалгааг дэлхийн олон оронд эдийн засгийнхаа төлөв байдлыг тандах, барагцаалах үүднээс хийдэг. Иргэд улс орны эдийн засгийн ерөнхий байдал болон өөрсдийнх нь санхүүгийн талаар сонирхож, ямар санаа бодолтой байдгийг хэмждэг аж.
Тодруулбал, эдийн засгийн өнөөгийн байдал болон ойрын ирээдүйг хэрэглэгчид хэрхэн өөдрөгөөр төсөөлж байгааг тодорхойлдог байна. Хэрэглэгч иргэдийн итгэлийн индекс өөдрөг байх тусам эдийн засаг өсөж байдаг аж. Манай улс энэ судалгааг 2009 онд анх эхэлж, одоо улирал тутам хийж байна.
Улаанбаатар /МОНЦАМЭ/.