УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 70.7 хувийн саналаар эцэслэн баталлаа. Ингэснээр Монгол Улс кино урлагийн салбарын хууль эрх зүйн зохицуулалтай болж байна.
Хуулийг баталснаар орчин цагийн кино урлагийн чиг хандлагад нийцсэн, энэ салбарын үйл ажиллагаанд оролцогч дотоод болон гадаадын уран бүтээлчдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан зохицуулалттай болж байгаа юм.
Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар Соёлын сайд Ч.Номин: “Олон улс кино үйлдвэрлэлийн салбараа амжилттай хөгжүүлсэн. Энэ хуулийг батлуулахдаа бид нэгдүгээрт, амьтай буюу заалт бүр нь хэрэгждэг байхад их анхаарсан. Түүнээс хуулийн тодорхой хэсэг нь эсвэл нэг л заалт нь ашиглагддаг бол учир дутагдалтай. Тиймээс бид хуулийн төслийг бэлтгэхийн тулд салбарынхантай олон удаа хэлэлцүүлэг хийсэн. Хуулийг ерөнхийд нь хоёр бүлэгтэй гэж ойлгож болно. Нэгдүгээрт, Монгол Улс дотроо үйл ажиллагаа явуулж байгаа кино урлагийнхнийгаа хэрхэн дэмжих вэ гэдэгт чиглэсэн. Нөгөө талдаа гадны зах зээлээр дамжуулж Монголд уран бүтээл хийлгэхийн тулд бид юу хийх ёстой вэ гэх зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд бид олон улсын зах зээлд ажилладаг Netflix болон холливүүдийн продюсеруудтай холбогдож, “ямар тохиолдолд энэ хууль та бүхэнд хэрэгцээтэй байх вэ” гэдгийг нь асууж тодруулж, ярилцсан. Мөн тэднийг байнгын хорооны гишүүдтэй холбож, ойлголтоо нэг болгосон. Тийм учраас энэ хууль амьдралтай, уран бүтээлчдэд тус болно гэсэн итгэлтэй байна” гэлээ.
Хуулийг баталсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: “Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа Кино урлагийн тухай хуультай болж байна. Ийм хуультай болох санал 10 жилийн өмнө гарч байсан. Дараа нь 2012 онд Ажлын баг байгуулж байсан. 2015 онд анхны төслийг боловсруулж, 2019 онд бодит ажил болсон. Хуулийг төслийг 2019 онд УИХ-д өргөн барьсан. Төслийн ажлын багийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Н.Учрал болон ажлын дэд хэсгийн гишүүн Соёлын яамны Хууль, эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Батцэцэг, “Black box” театрын найруулагч С.Мягмар, “Бадрангуй” кино компанийн захирал А.Миеэгомбо нарын зэрэг хүмүүс, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны дарга Г.Дамдинням болон нийт гишүүдэд УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Кино бол дэлхийн соёл урлагийн томоохон чухал салбар. Ийм ч учраас бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино гэж хэлсэн үг бий. Монгол Улсад кино урлагийн салбар үүсэж хөгжөөд 90 орчим жил болж байна. 1930 онд Ардын сайд нарын тогтоолоор кино үйлдвэрлэлийн газар анх байгуулагдаж байсан түүхтэй. Монгол киногоо дэлхийн түвшинд гаргах, дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах нь чухал зорилт юм. Түүнчлэн Монгол эх орон соёл түүхээ сурталчилах, иргэдийнхээ үндэсний бахархал, эх оронч үзлийг сурталчилахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Кино урлагийг дэмжих хуулийн төсөлтэй холбоотой үзэл баримтлал, танилцуулга, үр нөлөө зэрэг судалгааг энд дарж татаж авна уу.