АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден гэргий Жиллийн хамт долоодугаар сарын 1-нд Флорида руу нисэж, зургаадугаар сарын 24-ний шөнө эмгэнэлт явдал болсон Сурфсайд хотод очжээ.
Жо Байден болон түүний гэргий Жилл нар хувь заяа нь тодорхойгүй байгаа хүмүүсийн төрөл төрөгсөдтэй уулзсан байна. Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, гурван цаг гаруй үргэлжилсэн уулзалтад нийт 200 орчим хүн оролцжээ. Тэд мөн хэдэн өдрийн турш нурангийг зайлуулж, хүмүүсийг хайж байгаа аврах албаныхантай уулзсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч дараа нь сэтгүүлчидтэй уулзахдаа, орон сууцны барилга хэсэгчлэн нурсан шалтгааныг шалгах ажил үргэлжилж байгаа боловч яагаад ийм зүйл болсныг хараахан тогтоогоогүй байна гэж мэдэгджээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр, нурангин доороос 18 хүний цогцос олдоод байгаа бөгөөд 145 хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байна.