КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас БНСУ-ын талаас Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг хойшлуулсан тухай мэдээлсэн билээ.
Харин Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай уулзах үеэрээ энэ талаар ярилцаж, долдугаар сарын 9-н хүртэл товлогдсон нислэгээр Сөүлээс эх орондоо ирэх гэж байсан 1,000 гаруй иргэний эрх ашиг хөндөгдөж буй тул Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээх хүсэлтийг холбогдох газруудтай хамтран нааштайгаар шийдэх хүсэлтийг тавьжээ.
16:57 2021/07/01
"Долдугаар сарын 9-н хүртэл хугацаанд Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд хойшлогдсон"
Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, коронавируст халдварын тархалт эрчимтэй байгаа тул Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдүүлэхгүй байх шийдвэрийг БНСУ-ын талаас гаргажээ.
Уг шийдвэр нь МИАТ ТӨХК болон "Korean Air" компанид үйлчлэх юм.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Солонгосын талаас долдугаар сарын 1-7-ны нислэгийг цуцлах, 9-н хүртэл нэмэлт хүсэлт хүлээн авахгүй байх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 9-н хүртэлх Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд хойшлогдож байна гэсэн үг.
Манай улсын дотоодын нөхцөл байдлыг харгалзан Солонгосын тал хэзээнээс нислэг хүлээн авахаа шийдэх бөгөөд тухайн үед иргэдийг тасалбар авсан дарааллынх нь дагуу нислэгт хамруулна" гэлээ.