Газар тариалангийн бүс нутгаар 7 дугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас гаргажээ.
Түүнчлэн, нутгийн өмнөд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх аж. Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлвийг баруун, төв, зүүн, говийн аймгийн нутгаар тоймлон хүргэж байна. Тухайлбал,
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Сарын эхний арав хоногийн эхэн, сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеийнхээс 4-6 хэмээр сэрүүснэ. Харин нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28-32 хэм хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн, сүүлч, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй аж.
Төвийн аймгуудын нутгаар. Долдугаар сард агаарын дундаж температур Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Архангай, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеийнхээс 4-6 хэмээр сэрүүснэ. Харин нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28-32 хэм хүрч хална.Нэгдүгээр арав хоногийн эхэн, сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үе, сүүлчээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Долдугаар сард агаарын дундаж температур Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеийнхээс 3-8 хэмээр сэрүүснэ. Гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 30-34 хэм хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн, сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө ширүүсэж зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутгаар ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеийнхээс 3-5 хэмээр сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 32-36 хэм хүрч хална. Нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж болзошгүй аж.