Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1727 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Сүүлийн хоёр өдөр дараалан халдварын тохиолдол буурч 2000-аас доош тоонд шилжээд буй ч нэг өдөр бүртгэгдсэн халдвар их хэвээр байна.
Шинэ тохиолдлын 1724 нь дотоодын халдвар бөгөөд эмнэлгээс шалтгаалсан гурван тохиолдол бүртгэгдсэн бол Улаанбаатар хотод 934, орон нутагт 790 тохиолдол батлагджээ.
Ингэснээр манай улсад "Ковид-19" халдварын батлагдсан нийт тохиолдол 113 232 болж байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 15 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 548 хүн эндээд байна. Харин сүүлийн 24 цагт 2215 хүн эмнэлгээс гарснаар нийт 73 007 хүн эдгэрчээ.
Одоогоор коронавируст халдвартай нийт 14131 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 251 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1210 нь хүнд, 3147 нь хүндэвтэр, 9523 нь хөнгөн гэж оношлогджээ.