Улсын Онцгой Комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу 2020 оны 3 дугаар сарын 12, 13-ны /Пүрэв, Баасан/ өдрүүдэд дор дурдсан шаардлагыг хангасан иргэдийг эхний ээлжинд бүртгэнэ. Иргэд Та бүхэн бүрдүүлэх материалтай маш сайн танилцаж, бичиг баримтаа бүрэн бүрдүүлэхийг хүсье хэмээн БНСУ дахь Монголын Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
ХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
• Эмнэлгийн хяналтад байдаг иргэд
- Эмнэлгийн нотлох баримт бичгүүд
• Жирэмсэн эх
- Жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаас өмнө эмчээсээ зөвлөгөө авах, жирэмсний 36 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу.
- Эмнэлгийн магадлагаа
• Бага насны хүүхэд
- 0-14 насны хүүхэд
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Нотлох баримт бичиг
• Өндөр настан
- эмэгтэй 55 ба түүнээс дээш настай
- эрэгтэй 60 ба түүнээс дээш настай
ХЭЗЭЭ БҮРТГЭХ ВЭ?
• Бүртгэлийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 цагаас эхэлж 3 дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цагт хаана.
ЯАЖ БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
• Дээрх шаардлагыг хангасан иргэд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд гадаад паспорт болон холбогдох бусад баримт бичгүүдийг бүрдүүлэн ирж бүртгэлийн маягт, эх орондоо очоод 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар /өдөрт 50-70 мянган төгрөг/ улсаас тогтоосон байгууламжид тусгаарлагдах нотломжид гарын үсэг зурж бүртгүүлнэ.
Консулын хэлтсийн хаяг: 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관 영사부,
Daesagwan-ro 34-gil, 41, Yongsan-gu, Seoul, Consular Section, Embassy of Mongolia.
АНХААРАХ ЗҮЙЛС!
- Чартер нислэгийн тийзийн төлбөр нэг хүний 254 ам.доллар. /МИАТ-ын буцах тийзтэй иргэдэд хамаарахгүй/
- Монгол Улсад очсоны дараа 14 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.
- ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар өнөөдрөөс эхлэн хүсэлт, өргөдөл хүлээн авахгүй. 3 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө тус фэйсбүүк хуудсанд ирүүлсэн хүсэлт нь чартер нислэгт бүртгэх үндэслэл болохгүй.
- Бүрдүүлэх баримт бичгийн эхийг заавал шаардахгүй хуулбар байж болно.
- Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй.
- Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу гадаад улсын иргэдийг 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тул зөвхөн БНСУ-д богино хугацааны визтэй байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг бүртгэнэ.
- Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөж байна.
Лавлах зүйл байвал ЭСЯ-ны шуурхай утас 010-2723-3464 дугаараар холбогдоно уу.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ