"Олимпийн музей" хөшгөө нээлээ

оруулсан Алсын Хараа

Спорт олимпизмийг олон жил тууштай дэмжигч М-Си-Эс Кока-Кола компани нь Олон улсын олимпийн хороо байгуулагдсаны түүхт 127 жилийн ойн босгон дээр МҮОХ-ны Олимпийн музейн шинэчлэлтийг санаачлан санхүүжүүлж, спортын хөгжил, баг тамирчдын амжилт, хөгжөөн дэмжигчдийн хүсэл тэмүүллийг түүх болгон хадгалж үлдээхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Олимпийн музей нь дэлхий дахинаа жил бүрийн зургаадугаар сарын 23-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг “Олимпийн өдөр”-өөр хүн төрөлхтний үнэт өв эрдэнэ болох олимпийн соёл, боловсрол, түүхэн хуудсыг залуу хойч үедээ онцлон үзүүлэхээр дахин хөшгөө нээлээ.

Олимпийн музей нь анх 2003 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын олимпийн музейн түнш, Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүнээр элсэж, одоогоор 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрүүдийг хадгалж байна.

Монголын Спорт Олимпизмийн их гэр бүлийн гишүүд, хүүхэд багачууд, оюутан залуус та бүхнийг Олимпийн хөдөлгөөний түүхэн замналтай танилцан, Олимпийн музейд зочлохыг урьж байна.

ТОКИОГИЙН ОЛИМП ЭХЛЭХЭД НЭГ САР ҮЛДЛЭЭ

Монгол Улс түүхэндээ анх удаа Олимпийн наадамд багийн спортын төрлөөр оролцох бөгөөд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тун удахгүй арлын Япон орныг зорих гэж байна.

Улсдаа төдийгүй, дэлхийн хэмжээний тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдын өнөөдрийн амжилт, олон мянган хөгжөөн дэмжигчдийн хүсэл тэмүүлэл М-Си-Эс Групптэй салшгүй холбоотой. Тус групп 3х3 сагсан бөмбөгийн спортод 2005 оноос хойш тасралтгүй, системтэй хөрөнгө оруулалт хийж, Олимпийн талбарт амжилт гаргахад түүчээлэн хөгжүүлсэн билээ.

"ОЛИМПИЙН МУЗЕЙД 5,000 ГАРУЙ ҮЗМЭРИЙГ ДЭЛГЭН ТАВЬСАН"

Гэрэл зургийг MPA.mn

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар "Одоогоос 18 жилийн өмнө МҮОХ-ны гишүүн Ш.Магван даргын санаачилгаар Олимпийн музей үзмэрүүдээ цуглуулж эхэлсэн түүхтэй. Түүхт музей цаг хугацааны аясаар өнгө зүсээ алдсан тул засаж, шинэчлэх шаардлагатай болсон юм. М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олон тус музейн загварыг шинэчлэн гаргаж, орчин үеийн хэв загвараар өөрчилж, шинэлэгдсэн музейн нээлтээ энэхүү түүхэн өдөр хийж байгаадаа баяртай байна.

"Олимпийн музей" нийт ард иргэдэд олимпийн боловсрол, үнэт зүйлсийг сурталчлан таниулах, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинаа эх орныхоо нэрийг мандуулсан шилдэг тамирчдаа алдаршуулах зорилгоор үзмэрээ дэлгэн олон нийтэд үйлчилдэг.

Энэхүү музейд 5,000 гаруй үзмэрийг дэлгэн тавьсан. Спорт олимпизмийг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд тус музей маань үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Токио 2020 олимпийн наадамд 10 спортын 42 тамирчин өнөөдрийн байдлаар эрхээ авсан байгаа. Баг тамирчид маань олимпийн наадамд бахархам амжилт гарган ард түмнээ баярлуулах цаг удахгүй ирнэ гэдэгт мөн итгэл төгс байна” хэмээв.

"ОЛИМПИЙН МУЗЕЙГ 18 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЧЛЭН ЗАСАЖ, ОЛИМПИЙН ТҮҮХЭН АМЖИЛТУУДЫГ БАТАТГАСАН ҮЗМЭРҮҮДИЙГ ОЛОН НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА"

Гэрэл зургийг MPA.mn

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав "Олон улсын олимпийн өдөр бол олимпизмийг сурталчилдаг, спортоор хичээллэхийг уриалдаг уламжлалтай. М-Си-Эс Кока-Кола компанийн хувьд Монголын Үндэсний Олимпийн Хороотой албан ёсны түнш байгууллагаар хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа. Үүний хүрээнд энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Олимпийн музейг 18 жилийн дараа шинэчлэн засаж, үе үеийн олимпийн түүхэн амжилтыг бататгасан үзмэрүүдийг олон нийтийн хүртээл болгож байгаадаа баяртай байна. Токиогийн олимп эхлэхэд нэг сарын хугацаа үлджээ. Тус олимпийн наадамд манай баг, тамирчид амжилт гарган баяжуулах болтугай хэмээх ерөөл дэвшүүлье.

Манай компанийн хувьд спорттой салшгүй холбоотой. 1928 оны Амстердамын олимпоос хойш 93 жил Олон Улсын Олимпийн Хорооны албан ёсны түнш байгууллагаар тасралтгүй ажилласан бөгөөд олимпизмийг дэлгэрүүлэхэд хамгийн тогтвортой үнэнч түнш байсаар ирсэн. Мөн олимпд оролцох үндэсний баг тамирчдаа дэмжих зорилгоор олон талт хөтөлбөр, арга хэмжээг 2004 оноос зохион байгуулж эхэлсэн. 2005 оноос хойш 3х3 сагсан бөмбөгийн спортыг тууштай дэмжиж, өнөөдөр олимпд багаа оролцуулах түвшинд хүрэхэд дэмжиж ирсэн билээ. Бидний ажлын үр дүн эхнээсээ гарч байна гэж бодогдлоо. Олимпийг дэмждэг, сурталчилдаг МҮОХ-ны хамт олон болон нийт баг, тамирчиддаа сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.

Сэтгэгдэл бичих