Амины орон сууцанд ипотекийн зээл олгох журам хэрэгжиж эхэллээ

оруулсан Алсын Хараа

Амины орон сууц барьж буй иргэдийг ипотекийн зээлд хамруулах хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Ипотекийн зээлд 700 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр зөвхөн орон сууц худалдан авахад хэрэгжүүлж байсан ипотекийн зээлд одоо амины орон сууц барьж буй иргэд хамрагдаж зээл авах боломжтой болов. Зээлдэгч нь барих орон сууцныхаа зургийг мэргэжлийн байгууллагаар гаргуулан магадлуулсан байх нэг л үндсэн шалгуур үзүүлэлтийг хангах юм.

Тодруулбал, гаргасан зургийг БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвийн инженерээр хянуулж дүгнэлт гаргуулах юм. Энэ нь нэг талаар тухайн барилга, орон сууц чанартай баригдана гэдгийг баталж, улмаар арилжааны банкууд түүнийг нь хүлээн зөвшөөрч ипотекийн зээлд хамруулах аж. Тэгвэл өмнө нь амины орон сууцны чанар, стандарт тодорхой бус байснаас хамаарч банкнаас энэ төрлийн зээлийг олгохоос татгалздаг байв.

Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах журам нь иргэдэд чирэгдэл гаргахгүйгээр зардал багатай, зардал хэмнэхээр төлөвлөжээ.

Амины орон сууц барьж буй иргэдийг ипотекийн зээлд хамруулна.


Барилгын хөгжлийн төвд амины орон сууцны 20 гаруй зураг бэлгэн болсон байна. Иргэд заавал зураг төслийн компанид хандахгүйгээр бэлэн гаргасан зургийг тус төвөөс үнэ төлбөргүйгээр сонгон авч зээлд хамрагдах боломжтойг БХБЯ-наас мэдээллээ. Иргэдээс нэмэлт зардал гарахгүй, ганцхан зүйлд мөнгө зарцуулна. Энэ нь Барилгын хөгжлийн төвийн инженерээр хянуулж дүгнэлт гаргуулсны зардал байх юм. Тодруулбал, амины орон сууцны нийт төсөвт өртгийн 2 хувийн зардал гарна гэдгийг мэдээлж байна.

Дээр мэдээлснээр зээлийн шалгуур нь одоо хэрэгжиж буй ипотекийн зээлийн журмаар зохицуулагдах юм. Жишээ нь, зээлдэгч давхар ипотекийн зээлгүй байх, 80 метр ам дөрвөлжин талбай бүхий байшинд зээл авах эрх үүснэ. Мөн хашаандаа орон сууц шинээр барьж буй иргэд хамрагдах юм. Аймаг, орон нутагт хашаандаа байшин барих гэж буй иргэд оршин сууж буй аймгийнхаа Барилга, хот байгуулалтын газрын харилцаа, геодези, зураг зүйн газар хандах юм.

Зээлд хамрагдах иргэд барилгын зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулсан байх шаардлагатай.

“Амины орон сууц” гэдэгт аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, нэг айлын сууц болон шаардлагатай бусад өрөө тасалгааг багтаасан блокчилсон орон сууцны барилгын бие даасан хэсэг бүхий тусдаа газарт барьсан орон сууцны зориулалттай сууцыг хэлдэг байна.

Сэтгэгдэл бичих