УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдрийн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив.
Цахим гарын үсгийн тухай хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, практикт үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж, хэрэглээг нэмэх шаардлагатай байгаа тул уг хуулийг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэн зарчмын шинжтэй өөрчлөлт хийж буйг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсэг хэрэглэхээр заасныг өөрчилж, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тоон гарын үсэг, хуулийн этгээд цахим тамга хэрэглэхээр тусгалаа. Ингэхдээ Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, түүний иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулахаар зохицуулжээ. Мөн хүн, хуулийн этгээд тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхээс гадна хүн, хуулийн этгээдийн хэрэглэх бусад цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй байхаар заасан байна. Гол гол зохицуулалтыг тоймловол, Цахим гарын үсгийн тухай хуулиар гэрчилгээний хүчинтэй хугацааг ихдээ 2 жил хүртэл байхаар иргэн, хуулийн этгээдэд олгох гэрчилгээний хугацаанд ямар нэгэн ялгаа тогтоолгүй олгож, тэр бүртээ гэрчилгээний үнэ буюу тоон гарын үсэг болон тоон гарын үсгийн хэрэгсэл, үйлчилгээний хөлс авч байгааг өөрчилж, гэрчилгээг иргэнд 5 жил, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд 3 жил хугацаагаар олгохоор тус тус зохицуулжээ. Түүнчлэн гадаадын иргэн хүсэлт гаргаж тоон гарын үсэг авч болох зохицуулалтыг шинээр тусгаж, түүний оршин суух хугацаагаар, эсхүл 5 жилээс дээш хугацаагаар оршин суух бол гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгохоор оруулсан байна. Мөн гадаад улсын гэрчилгээг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх тохиолдлыг гадаад улс орнуудын жишигт нийцүүлэн өөрчилж, гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллага нь энэ хууль, холбогдох журамд заасан шаардлагыг хангаж байгаа талаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарсан, Монгол Улстай байгуулсан олон улсын гэрээгээр гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллагын гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн байх нөхцөлүүдийг тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72,2 хувь дэмжив.