Энэтхэгт гурван сарын хугацаан дахь хамгийн цөөн тохиолдол бүртгэгджээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. Энэтхэгт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 42 640 шинэ тохиолдол илэрсэн нь гуравдугаар сарын 23-наас (40 715 тохиолдол) хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол болжээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд мэдээлснээр, халдвар авсан нийт хүний тоо 29 977 861 болсон байна.  Сүүлийн 24 цагт халдвараар нас барсан тохиолдлын тоо 1167-гоор нэмэгдэж, 389 302-т хүрчээ.

Энэтхэгт дөрөвдүгээр сарын 5-наас зургаадугаар сарын 8-ны хооронд өдөрт 100 мянга гаруй шинэ тохиолдол илэрч байсан бол тавдугаар сард энэ тоо таван удаа 400 мянгыг давж, өдөрт илэрсэн хамгийн олон буюу 414 188 тохиолдол тавдугаар сарын 7-нд  бүртгэгдэж байв.

Үүний зэрэгцээ нэг өдрийн дотор 8.616 сая хүн вакцинд хамрагдсан нь дэлхий даяар өдөрт хийж буй вакцинжуулалтын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад вакцин хийлгэсэн нийт хүний тоо 288 766 201-д хүрсэн байна. Энэтхэгийн эрх баригчид зургаадугаар сарын 21-нээс эхлэн 18-аас дээш насны бүх хүнд “COVID-19”-ийн вакциныг үнэ төлбөргүй хийхээр шийдсэний дараа вакцинд хамрагдсаны хүний тоо эрчимтэй нэмэгджээ.

Сэтгэгдэл бичих