Английн дуучин Ново Аморын “Нойргүйдэл” дуунд зориулан агаарын бохирдлын тухай богино хэмжээний киноны зураг авалтыг 2018 онд Монголд хийжээ. Уг богино хэмжээний кино 2021 оны Ирландын “Fastnet” кино наадмаас "Шилдэг зураглаач"-ийн шагналыг хүртсэн талаар уран бүтээлчид дуулгав.
Энэ бүтээл одоогийн байдлаар дэлхийн 10 кино наадмаас "Шилдэг богино хэмжээний кино" төрөлд долоо, "Шилдэг зураглаач" төрөлд гурван шагнал хүртээд байгаа аж.
Киноны гол дүрд жүжигчин Н. Ялалт, Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагч Б. Мөнхжин охин тоглосон бөгөөд Сингапур, Голланд, Малайз, Украин, Монгол уран бүтээлчид хамтран Хөвсгөлийн их тайгад дүн өвлийн -40 хэмд ажилласан байна.
Тодруулбал, найруулагч, оператороор нь Николас Чин /Малайз/, дууны найруулагчаар Скайсте Казрагите /Украйн/, Line producer-аар нь А. Бямбадорж /Монгол/, туслах найруулагч, зургийн даргаар А. Миеэгомбо /Монгол/ уран бүтээлчид ажиллажээ. “Studio Birthplace” продакшны уран бүтээлч Йорик Дози /Голланд/, Сил Ван Дер Воерд /Голланд/ нарын үүсгэн байгуулсан студи юм.