Хатуу чиг шугам баримтлагч Иран улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

оруулсан Алсын Хараа

Иран улсад болсон ерөнхийлөгчийн сонгуульд хатуу чиг шугам баримтлагч Эбрахим Райси ялсан нь тодорхой боллоо.

Тэрбээр сонгогчдын 62 хувийн санал авсны дараа ялалтаа зарлаж, саналаа өгсөн иранчуудад талархал илэрхийлжээ. Райси нь Ираны дээд шүүхийн тэргүүн бөгөөд хэт консерватив үзэлтэйгээрээ алдартай улс төрч юм.

Тэрбээр одоо АНУ-ын засаг захиргаанаас зарласан хоригт багтдаг. Бас улс төрийн хоригдлуудыг бөөнөөр нь цаазлах шийдвэрийг гаргасан хүмүүсийн нэг гэгддэг юм.

Иран улсын ерөнхийлөгч бол шашны дээд удирдагчийн дараа хоёрт орох өндөр албан тушаал. Хэдийгээр улс оронтой холбоотой бүх шийдвэрийг шашны дээд удирдагч Аятолла Али Хамейни гаргадаг ч үүнд ерөнхийлөгчийн нөлөө маш өндөр байдаг.

1979 онд гарсан хувьсгалын дараа тус улс Исламын шашны Шийт урсгалыг хатуу дагагч дэглэмд шилжсэн юм.

Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн ирц энэ удаа түүхэн доод хэмжээндээ хүрч, 48.8 хувьтай байжээ.

2017 оны өмнөх сонгуулийн ирц 70 гаруй хувьтай байсан юм.

60 настай, шашны зүтгэлтэн Эбрахим Райси амьдралынхаа ихэнх хугацаанд шүүх, прокурорын алба хашиж байжээ. Бүр 20 настайдаа Караж хотын ерөнхий прокурорын албан тушаалд томилогдож байсан юм.

Тэрбээр авлигатай тэмцэж, нийгмийн тэгш бус байдлыг арилгаж, Ираны эдийн засгийн хямралыг шийдэх хамгийн зөв хүн гэж өөрийгөө сурталчилж байв. Одоогийн ерөнхийлөгч Хассан Руханигийн үед Ираны эдийн засаг унаж, ард иргэдийн амьдрал доройтсон нь Райсигийн сонгуульд ялах боломжийг нэмэгдүүлсэн байна.

Түүнийг Аль Хамейнигийн залгамжлагч болох хамгийн ирээдүйтэй хүн гэсэн яриа байдаг.

Райсиг 1988 онд нийслэл Тегераны ойролцоох шоронд улс төрийн 5,000 орчим хоригдлыг цаазлах нууц шийдвэр гаргахад оролцсон хүмүүсийн нэг гэж Эмнести Интернэйшнл байгууллага үздэг. Тухайн үед тэр 27 настай байсан юм.

Гэхдээ Райси энэ шийдвэрийг гаргахад оролцоогүйгээ удаа дараа мэдэгдэж байжээ. Бас 2019 онд засгийн газрын эсрэг босогчдын амийг хөнөөсөн хүчний байгууллагын албан тушаалтнуудыг цагаатгахад Райси гол үүрэг гүйцэтгэсэн гэж Эмнести Интернэйшнл үздэг.

Өрнөдийнхөн Райсиг ерөнхийлөгч болсонд болгоомжтой хандаж байна. Бүс нутгийн гол өрсөлдөгч Израйл улсын гадаад хэргийн сайд Яйр Лапид “Тегераны махны машин хочит Ираны шинэ ерөнхийлөгч нь олон мянган хүний амь насыг хөнөөсөн экстремист этгээд юм. Тэрбээр цөмийн зэвсэгтэй болох, дэлхийн хэмжээнд террорист ажиллагаа явуулах хүсэл эрмэлзлэлтэй хүн” гэж мэдэгджээ. Израйлийн батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан “Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөх төлөвлөгөөгөө сэргээхээс өөр аргагүй боллоо. Үүнд шаардагдах төсөв мөнгийг шийдвэрлэнэ” гэж ярьсныг орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.

Гэхдээ Эбрахим Райси нь 2015 онд Иран улс дэлхийн зургаан том гүрэнтэй байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээг сэргээх хүсэлтэй хүн гэгддэг.

Уг гэрээний дагуу Иран улс цөмийн хөтөлбөрөө хязгаарласны хариуд Өрнөдийн эдийн засгийн хоригоос чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. 2018 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү гэрээнээс гарч, Тегераны эрх баригчдын эсрэг дахин хориг арга хэмжээ зарлаж байв.

Одоо Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг сэргээх яриа хэлэлцээ Вена хотод ид өрнөж байна. АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байден хэрвээ Иран улс шаардлагыг нь хүлээж авбал өмнөх засаг захиргааныхаа шийдвэрийг буцаахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих