Жуулчлалын гол чиглэлийн зам дагуу үйлчилгээний 31 цогцолбор байгуулна

оруулсан Алсын Хараа

 Аялал жуулчлалын гол чиглэлийн зам дагуу улсын хэмжээнд 31 байршилд олон улсын жишиг стандартын дагуу үйлчилгээний цогцолбор байгуулахаар зураг, төсвийг боловсруулж, батлуулаад байгаа.

БОАЖЯ-наас цогцолбор байгуулах байршлыг санал болгосноор Японы ЖАЙКА байгууллагын дэмжлэгээр хоёр яам, аймгуудын ЗДТГ-ууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, 30 цэгийг эцэслэж тогтоожээ. Эдгээрээс 21 байршлыг нь сум, аймгийн ИТХ-аар тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг албажуулаад байгаа аж.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэх, гол чиглэлд, зам дагуу түр буудаллах цэг, боловсон ариун цэврийн газар, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, хоолны газар бүхий үйлчилгээний цогцолборыг төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон холбогдох албаныхан цахимаар хуралдлаа.

Түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор нь A, B, C гэсэн гурван ангилалтай. А ангиллын хувьд хоногт 10 мянгаас дээш тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу, Б ангилал нь 5-10 мянга хүртэл тээврийн хэрэгсэл зорчих,  С ангиллын хувьд 5000 хүртэлх тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу байрлах юм.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан цогцолбор байгуулах ажлыг түргэвчлэхийн тулд нэгэнт тогтсон байршилдаа хувийн хэвшлийг оруулах шаардлагатайг онцлоод,  цэгүүдийг тогтоохдоо орон нутгийн онцлогийг харгалзан үзэх нь зүйтэй гэв.

ЗТХ-ийн сайд Л.Халтар хувийн хэвшлүүдийг оруулах саналыг дэмжээд, энэ ажлыг МҮХАҮТ-аас шилдэг байгууллагууддаа санал тавьж хамтран ажиллах нь зүйтэй гэсэн санал гаргажээ.

Ингээд 200 км тутамд үйлчилгээний цогцолбор, 100 км тутамд түр зогсоол байгуулахдаа стандартыг нарийн баримтлах ёстой гэдэгт санал нэгдлээ.

Ижил төрлийн үйлчилгээ явуулахыг орон нутгаас хязгаарлаж, гэрээ хэлэлцээрээ гуравласан болон дөрвөн талт байдлаар шийдэх нь зүйтэй. Ингэснээр төсөлд ажиллах хувийн хэвшлээ бодитоор дэмжинэ гэдгийг Н.Уртнасан сайд онцлов.

Түр буудаллах цэгт авто зогсоол, шатахуун түгээх станц, авто үйлчилгээний газар, машин угаалга, түргэн үйлчилгээний ресторан, зочид буудал, ариун цэврийн байгууламж, худалдаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй байх юм.

Сэтгэгдэл бичих